Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт их байна гэж ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр, "Бид "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр ард түмэн маш хариуцлагатай сайн байсан жишээг харсан. Нийслэл хотын тахал тархалт болоогүй байсан гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Энэ ч утгаараа дараа, дараагийн ажлаа төлөвлөх, ерөнхий байдлаа мэдэх арга хэмжээ болсон. Харин энэ бүхний дараа бид тайвширч, нэг газар олноор цугларч, гадуур явах хөдөлгөөн ихсэж, тархалт их дэгдэж байна. Өөрөөр хэлбэл, шинжилгээний хариу нь сөрөг гарлаа гэж хариуцлагаа сулруулаад халдвар авч байна. Мөн хоёр ч буяны ажлын үеэр халдвар их тархсан. Харин драмын театрын 54 хүний цаана, 54 айл бий. Тэдний найз нөхөд, ах дүү гээд халдвар тархаад явчихдаг. Халдвар ингэж л тархдаг. Халдвар хаанаас авсан гэдгийг тэр болгон тогтоох боломжгүй. Хүн бүр сонор, сэрэмжтэй байх нь л чухал байна" гэв.