Төв аймгийн Зуунмод суманд коронавиусийн дөрвөн тохиолдол бүртгэгдэж, сумаас орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоожээ. Тодруулбал, Өнөөдөр 15:00 цагийн үед тус аймагт шинэ коронавирусийн батлагдсан дөрвөн тохиолдол илэрсэн тул шуурхай арга хэмжээг авсан талаар Төв аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Төв аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа "Хоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос нэг иргэн Зуунмод суманд буяны ажилд оролцохоор ирсэн. Улаанбаатар хотод буцаж очоод гуравдугаар сарын 1-ний өдөр шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч, халдвартай болох нь батлагдсан байна. Тухайн өдрийн 19:20 цагт манай аймагт дээрх мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсний дагуу шуурхай арга хэмжээ авч, тандалт судалгааны ажлыг эхлүүлсэн. Ингээд ойрын хавьтал болон 62 хүнийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу өнөөдөр 15:00 цагт ирсэн бөгөөд 58 хүний хариу сөрөг, дөрвөн иргэний хариу эерэг гарсан. Бид ойрын хавьтлуудыг илрүүлж тусгаарласан" гэлээ.