Увс аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод буяны ажилд оролцоод, нутаг буцахаар PCR шинжилгээ өгөхөд халдвартай нь батлагдсан. Эдгээр иргэдийн халдварын эх уурхайг тодорхойлсон эсэх талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаагаас тодрууллаа.
Тэрбээр, "Өнөөдөр шинээр бүртгэгдсэн 42 тохиолдлын 20 нь буяны үйл ажиллагаатай холбоотой голомтоос илэрсэн. Өөрөөр хэлбэл, Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд буяны үйл ажиллагаанд оролцохоор буюу хүндэтгэх шалтгааны улмаас Улаанбаатар хотод ирсэн иргэн гуравдугаар сарын 2-нд нутаг буцахаар PCR шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан.
Увс аймагт мөн хавьтал судлалын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд ойрын болон дам хавьтлын 150 хүнийг илрүүлж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Тухайн иргэдийн халдварын нууц үеийн хугацааг үзвэл Улаанбаатарт ирээд халдвар авсан байх бүрэн боломжтой. Гэхдээ одоогоор халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Иймд ард иргэд маань маскаа сайн зүүж, халдвар хамгааллын дэглэмээ чанад мөрдөхийг анхааруулж байна" гэв.