Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний зардлын 70 хувийг даатгалаас санхүүжүүлэх болсон билээ. Тухайлбал, MRI, CT, дуран, цөмийн болон судсан дотуурх оношилгоо, зүрхний ЭХО зэрэг найман төрлийн шинжилгээ багтаж буй. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний журмыг шинэчилснээ өчигдөр танилцууллаа. Уг журмаар тухайн өндөр өртөгтэй оношилгооны зардлын хэдэн хувийг даатгалаас, хэчнээнийг нь иргэн хувиасаа төлөхийг тодорхой зохицуулсан байна. Жишээлбэл, MRI аппаратын оношилгооны нийт зардал (тодосгогч бодисгүй) 350 000 төгрөг аж. Тэгвэл иргэд дээрх хөнгөлөлтийн хүрээнд 105 000 төгрөг төлөх болжээ. Харин тодосгогчтойнх нь нийт зардал 500 000 төгрөг. Үүнээс иргэн 150 000 төгрөг төлж, үлдсэнийг нь даатгалаас санхүүжүүлэх болсон гэнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас өмнө нь даатгуулагчийн оношилгоо, шинжилгээний зардалд нэг улиралд 165 000 төгрөг төсөвлөж ирсэн. Гэвч энэ нь цус, шээс, биохимийн шинжилгээнээс хэтэрдэггүй, иргэдэд бодит дэмжлэг үзүүлдэггүй байсныг албаныхан хэлэв. Тиймээс өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний багцын зардалд эмчийн дүгнэлт, лаборатори, шаардлагатай урвалж, бодисын үнийн дүнг одоогийн ханштай уялдуулан тооцсон тул иргэдийн санхүүгийн ачааллыг үлэмж бууруулна гэж ЭМДЕГ-ынхан үзэж байна. Иргэд эмчийн заалтаар тухайн оношилгоо, шинжилгээг хийлгэх бүртээ даатгалаас 70 хувийн хөнгөлөлт эдлэх бөгөөд үнийн хязгаар тогтоохгүй болжээ. Шинэчилсэн журмыг өчигдрөөс улсын эмнэлгүүд мөрдөж эхлэв. Харин өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийдэг хувийн эмнэлгүүдийг ЭМДЕГ-ынхан тун удахгүй сонгон шалгаруулж, гэрээ байгуулах тул даатгуулагчид өмчийн хэлбэр хамаарахгүйгээр дараах хөнгөлөлтүүдийг эдэлнэ.