Өчигдөр Улаанбаатарын цагаар 19:30 минутанд “Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа. Нислэгээр ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирсан юм. Дараагийн ээлжний 10 мянган тун вакцин 3-р сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөгдсөн байна. Засгийн газрын захиалгаар ОХУ-ийн Спутник V вакцины 20 мянган тунг хүлээж авах юм.
Вакцин хүлээж авах ажилд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар оролцлоо. ОХУ-ын Н.Ф.Гамалейн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан Спутник V вакциныг манай улс яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон байгаа юм байна.
ДЭМБ-аас “СпутникV” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй 3 сард багтаан бүртгэж авахаар төлөвлөж байгаа аж. Спутник-V вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн авч төлөвлөсөн бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон байна.