Улсын дээд шүүх өчигдөр нам, бүлэгтэй холбоотой дөрвөн хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх хүсэлтүүдийг хэлэлцлээ. Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тус тус бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв. Мөн Хөдөлмөрийн Үндэсний намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх хэлэлцээд Т.Доржхандыг намын даргаар сонгосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, бүртгэлээ. Харин Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын “хуулийн этгээдийн бүртгэлд оруулсан” өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв. Хамгийн сүүлд Иргэний Зориг Ногоон намын “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан” өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцсэн. Ингээд шүүхэд өгсөн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс мөн татгалзаж шийдвэрлэлээ.