Манай улс "Covid-19"-ийн эсрэг АстраЗенека вакцинжуулалтыг эхлээд хоёр хонож байна. Эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар 3112 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Энэ нь эхний удаад вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 22 хувийг эзэлж байгаа аж.
Дархлаажуулалтын хуулийн дагуу манай улсад товлолын, нөхөн, нэмэлт, сайн дурын, тархвар судлалын заалт бүхий гэхчлэн таван төрлийн дархлаажуулалт хийдэг байна. Хамгийн түрүүнд зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан, 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулж буй юм.
Вакцин хийлгэсний дараа халуурах, булчин, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, даарах, бүх бие, үе мөч өвдөх, ядрах, хамар битүүрэх, хэсэг газарт улайх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Энэ нь вакцин хийлгэснээс хойш 2-3 хоногийн дараа аяндаа алга болдог. Хэрэв дээрх шинж тэмдгүүдийн зовуурьр ихэсвэл 119 болон вакцин хийлгэсэн харьяа эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах боломжтой.
Вакцины эхний үр дүнг ДЭМБ дэлхийд “COVID-19” тохиолдлын тоо сүүлийн 6 долоо хоног дараалан буурч байгааг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, 2 сарын 21-ний долоо хоногт тохиолдлын тоо 11 хувиар буурсан байна. Нас баралт өмнөх долоо хоногийнхоос 20 хувиар буурчээ.