Шинэ оны өмнө болсон Монгол бахархлын өдрөөр хэл зүйн ухааны доктор, профессор Б.Сумъяабаатарын 2262 хуудастай “Монголын нууц товчоо” ном хэвлэгдэж, төрийн хэмжээнд хүндэтгэн залсан юм. Буурал эрдэмтнээс энэ талаар тодрууллаа.
-Та “Монголын нууц товчоо”-ны талаарх олон бүтээлтэй. Энэ удаа юуг нь голлосон, ямар онцлогтой бүтээл болов?
-“Монголын нууц товчоо”-ны эхэд гар хүрсэн, байхгүй зүйлийг нэмсэн, байгааг нь хассан, засварласан зүйл их байсныг өөрийнх нь хэвд оруулж, кирилл үсгээр буулгалаа. Энэ удаагийн судалгаагаараа Чингис хаан “Хоёр их” буюу тэнгэр, газрын үзэлтэн, “Гурван их оршил” буюу тэнгэр, газар, хүн гурвын сурталтан байсныг баримтаар нотолсон. Чингис хаан түүнийгээ онгин тамгандаа шингээж, төрийн сүлдээ болгон мөнхөлж хойч үедээ үлдээснийг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.
-Чингис хааны Их засаг хууль гэж байсан, байгаагүй гэсэн эсрэг тэсрэг санал байх юм. Та бол солонгос сурвалжаас Их засаг хуулийн хэсгийг олсон хүн. Мөн эсэхэд хэрхэн илтгэх вэ. Тэнд онцлог заалтууд юу байв?
-Их засаг хууль бичмэлээр олдоогүй байсан. Харин Их засаг хуулийн нэлээд хэсэг дундад зууны солонгос хэлээр орчуулагдан бидний үед уламжилж ирсэн байдаг. Хоёр хэсэг зүйл гарсан. Хубилай хаан 1262, 1268, 1289 онд илгээсэн жуух бичигтээ, мөн гуулин элч нартай ярилцахдаа “Манай өвөг дээдэс”, “Манай Тайцу” “Чингис хаан” гэж нэрийг дурдаж, манай өвөг дээдсийн тогтоосон хуулинд ингэж, тэгж заасан зэрэг хэллэгтэйгээ солонгос сурвалжид байна. Хөлсний хүнээр жинхэнэ цэргийг сольж болохгүй. Жинхэнэ цэргээр зөөх тээх мэт хүнд хүчир ажил хийлгэж болохгүй. Бусдын булш бунхныг ухах, тонох дээрэмдэж болохгүй. Эзэлсэн орны эмс, охидтой хүчээр гэрлэж болохгүй. Санаа нийлж гэрлэх аваас бүсгүйн талын эд хөрөнгийг эзэмшиж, мэдэж болохгүй, заавал гэр бүлийн баталгаатай байх ёстой. Гэр бүлийн баталгаа бичигтэй бол нутаг буцахын цагт эмэгтэйгээ дагуулж болно. Дарга нь цэргийнхээ олсон олз, унасан морийг хүч түрэн авч болохгүй гэхчлэн мөн байгаль хамгаалах тухай тодорхой заалт байна. Энэ мэтээр Солонгосоос олдсон Их засаг хуульд Монголын цэрэг жинхэнэ гварди арми байсан тухай баримт, олон улсын харилцааг зохицуулсан заалт хүртэл бий.
-2262 хуудастай нь бэлгэдэл үү?
-Бичиж байтал нэг мэдсэн 2262 нүүр болчихсон байсан. Чингис хааны мэндэлсний 1100 жилийн ойн сайхан бэлгэдэл тохиов гэж бодоод цааш үргэлжлүүлээгүй. Шинжлэх ухаан бол зүтгэсэн хүндээ ээлтэй. Ээл ивээлээс гадна өөрийн сахиул, манаач, хамгаалагчтай. Тэр нь шинжлэх ухааны сэц. Сэц шинжлэх ухааны үнэнийг сахина. Сэцийн гишүүд нь цаг хугацаа, үе үеийн мэргэд. Шинжлэх ухаан бол байгальтай адил, өршөөл үгүй, нэхэл, гэсгээлэг хатуутай “Их оршил” юм. Үнэнээс хазайхыг монголчууд алдвар, алдаа, алдас, эндүүрэл, ташаарал зэргээр хэлдэг ба үүнийг засахыг эндүүрлийн харанхуйг арилгах хэмээдэг. “Монголын нууц товчоо” судлаачид оюуны мэлмий тэгшрээгүйгээс осолдож эндсэн зүйл цөөнгүй. Эрдэмтэд бол хамгийн сүүлд мөхдөг итгэлийн эзэд. Оюуны чагтагаа алдуурахаас урьтаж алдвар алдсаа ухаарч, нүглээ намначилдаг эртний уламжлалтай. Түүнийг санаж, гол, голыг нь энэ удаа багцлан хэлэлцсэн учиртай юм. Энэ номын минь магнайн үгийг УИХ-ын эрхэм дарга Г.Занданшатар тэрлэсэнд би их талархаж байгаа.