ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолын талаарх мэдээллийг ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнаран өглөө.
Тэрбээр, "ЭМДЕГ төрийн болон хувийн хэвшлийн буюу өмчийн хэлбэр үл харгалзан даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламжид чанарын хяналт тавин, даатгалын тусламж үйлчилгээг худалдан авах ажлыг зохион байгуулж байгаа. ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолд өмнө нь байгаагүй хамгийн чухал зүйлүүдийг танилцуулъя.
Иргэдийн дунд нэлээд танигдсан "Зүрх мартахгүй" төсөл байна. Тус төслийн хүрээнд хийгдэж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас 3 сая төгрөг олгож байсан бол шинэ тогтоолоор тохиолдол бүрд 8 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар боллоо. Өөрөөр хэлбэл төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас гарахаар болсон. Мөн өөр нэг томоохон өөрчлөлт бол хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болсон байгаа.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж олгоход ЭМД-ын сангаас санхүүжилт олгодоггүй, зөвхөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг л санхүүжүүлдэг байсан. Харин шинэ тогтоолын хүрээнд даатгалын байгууллагатай хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний гэрээ байгуулсан бол хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ЭМД-ын сангаас санхүүжилт олгохоор болж байгааг хэлэхэд таатай байна.
Түүнчлэн өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдол 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргахаар боллоо" хэмээв.