Маргааш өглөөнөөс төр болон хувийн эмнэлгийн эмч, ажилтнуудад вакциныг хийж эхэлнэ хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Тэрбээр, "АстраЗенека вакциныг дэлхий нийтэд 42 улс хэрэглэж байна. Нийт 230 вакцин туршиж байгаагаас 62 нь эмнэлзүйн туршилтад орсон.
Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгддэг. Өнөөдөр манай улсад 150 мянган тун вакцин ирсэн. Нэг хүн хоёр тун вакцин хийлгэх ёстой. Хоёр тун авч байгаа хүн нэг үйлдвэрийн нэг төрлийн вакциныг хийлгэх ёстой. Өөрөөр хэлбэл, 75 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулна гэсэн үг. Эмч, эмнэлгийн ажилтнууд нийт 56 мянга бий. Бид хуульд зааснаар дараагийн тун вакциныг үлдээж хийнэ.
Гуравдугаар сарын эхээр дараагийн вакциныг оруулж ирэхээр төлөвлөж байна. Вакцинжуулалтын үйл ажиллагаа тасралтгүй явууллах юм. Мөн хувийн хэвшлийн байгууллагууд вакцин оруулж ирэхэд татгалзах зүйлгүй. Бид хамтран ажиллана" гэлээ.