Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээлэл иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай байх шалгуурын хүрээнд зарим яам, тамгын газрууд цахим хаягаа өөрчилж эхэлжээ. Тухайлбал Монгол Улсын Гадаад харилцааны яам цахим хуудсаа шинэчиллээ. Тус яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэхэд оршдог. Улмаар шинэ цахим хуудсаар дамжуулан Монгол Улсын тухай, гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаа, гадаад худалдааны талаар шаардлагатай мэдээллийг хэрэглэгчдэд өгөх, хилийн чанадад буй монгол иргэдэд консулын үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх зорилт тавьсан байна. Түүнчлэн иргэд гадаад харилцааны салбартай холбоотой асуулт, санал хүсэлтээ шууд илгээж, харилцах, бидний ажилд үнэлгээ өгөх боломжийг бүрдүүлэв. Шинэ mfa.gov.mn цахим хуудас нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай цэстэй бөгөөд гар утасны хувилбартай. Мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэддээ консулын үйлчилгээг найдвартай хүргэх үүднээс 90 хоногоос дээш хугацаагаар гадаадад зорчиж буй иргэдээ бүртгэх бүртгэлийг цахим хуудсаараа дамжуулан хийх бөгөөд энэ бүртгэлд хамрагдснаар иргэд маань консулын үйлчилгээг шуурхай, найдвартай авах нөхцөл нэмэгдэх юм. Үүнээс гадна Эрүүл мэндийн яам цахим хуудсаа шинэчилжээ.