Өнгөрсөн баасан гарагт МАН-ын Удирдах зөвл өл өдөржин хуралдаж, намын дотоод асуудлаа хэлэлцжээ. Ирэх сарын 1-нд товлоод байсан их хурлаа зургадугаар сар хүртэл хойшлуулах, намын баяраа гуравдугаар сарын 1-нд биш, энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэх шийдвэрийг уг хурлаас гаргасан байна. Өнгөрсөн сарын 10-нд МАН бага хурлаа цахимаар хийж, ээлжит ХХХ их хурлыг 100 жилийн ойн өдрөө буюу ирэх сарын 1-2-нд хуралдуулахаар, уг хуралд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс 1111 төлөөлөгч сонгон оролцуулахаар тогтсон юм. Их хурлаар хэлэлцэх гол асуудал нь намын даргыг солих бөгөөд 100 жилийн ойн баярын өдрөөрөө ийм зүйл ярих зохисгүй, тэгээд ч ийм чухал асуудлыг цахимаар биш, нүүр нүүрээ харж ярилцах хэрэгтэй гэсэн санал гишүүдээс гарсан байна. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг их хурлаас биш, бага хурлаас тодруулах дүрэмтэй. Тиймээс ХХХ их хурлыг ингэж яаран сандран, тохиромжгүй цаг үед, цахимаар хийх хэрэггүй гэсэн шийдэлд хүрсэн байна.
Бэлтгэсэн: А.Амар