Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж эхэлсэн. “Нэг хаалга, нэг шинжилгээ” аян өчигдөр 10 дахь хоногтоо үргэлжиллээ. Тус аяны хүрээнд одоогоор 78 иргэнээс коронавирус илрүүлснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тэдний 41 нь өрхөө төлөөлж шинжилгээ өгсөн бол 37 нь ойрын хавьтал байжээ. Өөр өөр хэлбэл, хяналтад ороогүй, олон нийтийн дунд хэвийн ажиллаж, амьдарч байсан цөөнг үй иргэн “Ковид-19”-өөр өвчилсөн нь нотлогдлоо. Өрх бүрийг тандалт, судалгаанд хамруулснаар эх үүсвэр нь тодорхойгүй, далд хэлбэрт байсан, хяналтад аваагүй голомтуудыг илр үүлж, тэр хэрээр иргэдээ халдвараас сэргийлэх боломж бүрдсэнийг холбогдох мэргэжлийн байгууллагынхан онцолсон юм. Тухайлбал, уг аяны үр дүнд өнгөрсөн 10 хоногт 13 шинэ голомт, ялангуяа илрэхгүй үлдэж, олон хүн халдвар авах магадлалтай байсан найман голомтыг илрүүлж, халдвартай иргэдийг хяналтад авчээ.
“Нэг хаалга, нэг шинжилгээ” аянд хамрагдсан 24 иргэнээс өчигдөр коронавирус илрүүлжээ. Энэ нь дээрх аяны хүрээнд нэг өдөрт хамгийн олон тохиолдол илрүүлсэн үзүүлэлт юм. Тодруулбал, Баянгол дүүргийн XXII, XXIII, Сүхбаатарын III, Хан-Уулын XIX, Чингэлтэйн XIX хорооноос шинэ тохиолдол илрүүлжээ. Тэр дундаа Чингэлтэй дүүргийн XIX хороо, Салхитын гэр хорооллын нэг гудамжны есөн иргэн “Ковид- 19”- өөр өвчилж, шинэ голомт үүссэн нь нотлогдлоо. Тиймээс тухайн гудамжийг урд, хойд талынх нь хоёр гудамжны айлуудтай хамт хамгаалалтад авч, өргөжүүлсэн тандалт, судалгаа хийж эхэлсэн байна. Түүнчлэн ойр орчимд нь байрладаг худалдаа, үйлчилгээний цэг, хүнсний дэлг үүр, эмийн сан, шахмал түлш борлуулдаг газруудад ажилладаг 504 иргэнийг шинжилгээнд хамруулжээ. Эхний удаад тэднээс коронавирус илрээгүй бөгөөд 5-6 хоногийн дараа давтан шинжилгээнд хамруулахаар болжээ. “Цар тахлын нөхцөл байдал намжаагүй, харин ч амаргүй болж байна. Халдвар авсан хүний тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр буйг иргэд бидний мэдээллээс харсан байх. Тиймээс хөл хориог сулруулсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг хүсье” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анхаарууллаа. Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт “Нэг хаалга, нэг шинжилгээ”-гээр цөөнгүй иргэнээс коронавирус илрүүлсэн тул цаашид зарим хороонд нь хэсэгчилсэн хязгаарлалтыг үргэлжлүүлэн тогтоох төл өвтэй байгааг УОК-оос мэдэгдсэн юм.
Бэлтгэсэн: М.Оч