Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа нээх талаар яг одоо УОК-оос мэдээлж байна. УОК түр журам боловсруулснаа энэ үеэр танилцууллаа. Тодорхой хэлбэл, улаан түвшин буюу дөрөвдүгээр зэрэглэлийн үеийн, улбар шар түвшин буюу гуравдугаар түвшний үеийн, шар түвшин буюу хоёрдугаар зэрэглэлийн үед хэрэгжүүлэх түр журам боловсруулжээ. УОК, Засгийн газраас нийслэлийн иргэдийг шинжилгээнд хамруулж дуусаад хоёрдугаар сарын 23-наас шар түвшин буюу хоёрдугаар зэрэглэлд шилжиж, хөл хориог сулруулан бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, үзвэр үйлчилгээ, амралтын газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээж, эдийн засгаа дэмжинэ гэж шийдвэрлэжээ. Гэхдээ диско баар, рс тоглоомын газар, уралдаан тэмцээн, хүүхдийн тоглоомын газар, аялал зугаалгын салбарын үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллагын судалгаа, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан нээхгүй, бусад салбар буюу аж ахуйн нэгжүүдийн 95 хувь болох 22 000 байгууллагыг ажиллуулна. Мөн гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээх аж. Халдварт цар тахал бүрэн арилснаар ногоон түвшин буюу нэгдүгээр зэрэглэлд шилжин орно.
Хотоос гарах хөдөлгөөн хязгаарлагдмал хэвээр байна. Тодруулбал, хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй, онцгой тохиолдолд буюу ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс PCR шинжилгээ авч, маршрутын дагуу хяналттай явуулахаар зохицуулалт хийжээ. Харин ногоон бус буюу хөдөө орон нутаг дотроо зорчих хөдөлгөөнийг тухайн орон нутгийн удирдлагууд өөрсдөө зохицуулах юм байна.