Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны хоёрдугаар сарын 19-нд 44 503 иргэнээс коронавирусийн шинжилгээ авсан. Ингэхэд халдварын 35 тохиолдол шинээр илэрлээ. Шинэ халдварын долоо нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн. Үлдсэн 26 нь гэр бүл, найз нөхдөөсөө халдвар авсан. Мөн тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсээс коронавирусийн хоёр тохиолдол илэрсэн” гэв.
Ингэснээр халдвар авсан нийт иргэний тоо Улаанбаатарт 1 746 боллоо. Харин улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2 072 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоо эмчилгээнд байгаа 725 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 86, хөнгөн 633 байгаа аж.