Коронавирусийн тархалт дэлхий дахинд эрчээ авч байсан эхэн болон дунд үед улс орнууд уг өвчнийг эмчлэх, халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг эрчимтэй авсан. Харин өдгөө олон улсын зах зээлд вакцины төлөөх ширүүн тэмцэл ид өрнөж байна. Учир нь улс орнууд эдийн засгаа сэргээх, хөл хориог сулруулах ганц арга нь энэ болоод буй. Манай улс ч гэсэн уг “марафон”-д ханцуй шамлан орлоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны хагас жилээс хойш коронавирусийн вакцин оруулж ирэх талаар ярьсан нь одоо л хөрсөндөө буух янзтай. Ингэж хэлсний учир нь энэ сарын 23-наас хүн амынхаа тодорхой хувийг вакцинжуулна хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.
Гэтэл тавхан хоногийн дараа үндэсний хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлэх гэж буй атал бүх зүйл тодорхойгүй, нууцын зэрэглэлтэй байна гэхэд хилсдүүлсэн болохгүй.
Монголд оруулж ирсэн коронавирусийн вакцины эхний тунг Ерөнхий сайд хийлгэнэ гэдгээ мэдэгдэж, аюулгүй болохыг нь өөрийн биеэр нотлох гэнэ. Гэвч эхний ээлжид хаанаас, ямар улсын вакциныг хэзээ оруулж ирэх нь одоо болтол нууц хэвээр. Тэрбээр ХӨСҮТ-д уржигдар ажиллах үеэрээ “Манай улс “Ковид-19”-ийн эсрэг вакциныг импортлох ажлыг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байна. Бэлтгэлээ ч бүрэн хангалаа. Вакцин худалдан авахад шаардлагатай хөрөнгийг Засгийн газраас гаргана” гэсэн. Түүний эл мэдэгдлээс харвал хүн амын тодорхой хувийг дархлаажуулах вакцины нэр, санхжүүжилтийн хэмжээ өдийд тодорхой болчихсон байх учиртай. Гэвч Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн эдгээр мэдээллийг нууцалсаар байгаа нь олон нийтэд хардлага төрүүлж буй юм. Уг нь өмнөх Засгийн газар 2021 оны төсвийг тодотгохдоо коронавирусийн вакцинд 51 тэрбум төгрөг төсөвлөсөн. Дэлхийн банкнаас манай улсад мөн вакцин худалдан авахад зориулж 50.7 сая ам.долларын санхүүжилт өгөх болов. Эдгээрийг хэрхэн зарцуулахаа нийтэд мэдээлэх ёстой. Тухайлбал, дархлаажуулалтаа хийхээр болсон улсууд эхлээд хаанаас хэдэн хүн/тун вакциныг хэр их хөрөнгөөр авахаа зарлаж байна. Дараа нь оруулж ирсэн, эсвэл худалдан авснаа мэдээлснээр сая вакцинжуулалтаа эхэлж байгаа. Гэтэл манайд юу ч тодорхой бус байснаа “Дархлаажуулалтаа даруй эхэлнэ” гэж гэнэтийн “бэлэг” барьсан нь ямар учиртай вэ.
Бидний олж мэдсэнээр, “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд манай улс хоёр вакцин оруулж ирэх юм байна. Нэг нь АНУ болон Германы эрдэмтдийн генетикийн материал ашиглан гарган авсан, 90-ээс дээш хувийн өндөр үр дүнтэй нь тогтоогдсон “Пфайзер”, “БиоНтех” (-70 градуст хадгална) компанийн вакцин. Нөгөөхийг нь Британийн Оксфордын их сургуулийнхан гарган авч, “АстраЗенека” (-2-8 градуст хадгална) компанид үйлдвэрлэсэн. Засгийн газраас эдийн засгаа яаралтай сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, цаг хожих зорилгоор “Ковакс” хөтөлбөрөөс гадна нэмэлтээр хоёр вакцин оруулж ирэхээр төлөвлөжээ. Энэ нь БНХАУ-ын “Синофарм”, ОХУ-ын “Спутник V” вакцин аж. Эл хоёрыг татан авснаар иргэдэд сонголт хийх боломж бүрдэх гэнэ.
ДЭМБ-аас “Ковид-19”-ийн эсрэг аюулгүй, үр дүнтэй эм, вакцин, оношлуур гарган авах туршилт, судалгааг дэмжиж, тэдгээрийг дэлхийн улс орнуудад тэгш хүртээх зорилгоор “Ковакс” хөтөлбөрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын эрдэмтдийн гарган авч буй 8-9 төрлийн вакцин гарган авах судалгаа, туршилтыг анхнаас нь санхүүжүүлж иржээ. Үүнд дээрх нэр, төрлийн вакцинууд багтсан аж. “Ковакс”-т өдгөө дэлхийн бараг бүх улс орон хамрагдсан бөгөөд вакциныг тэгш хүртээхдээ хоёр төрлийн үндсэн шалгуур тавьж буй юм байна. Нэгдүгээрт, эдийн засгийн чадавхтай улс орнуудад уг хөтөлбөрийн хүрээнд хүн амынх нь 20 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ. Хоёрдугаарт, хөгжиж буй болон ядуу буурай орнуудад дээрх хэмжээний вакциныг үнэ төлбөргүй хүртээх болжээ. Манай улс “Ковакс” хөтөлбөрт өнгөрсөн оны долдугаар сард хамрагдсан билээ. Үүний хүрээнд хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах хэмжээний 690 мянган хүн/тун вакциныг үнэ төлбөргүй импортлох болзол хангасан гэх мэдээлэл олж авлаа.
Тэгэхээр “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх “Пфайзер”, “АстраЗенека”-гийн вакцинаар хүн амын 20 хувийг үнэгүй дархлаажуулах нь. Тиймдээ ч Засгийн газраас эхний ээлжид оруулж ирэх коронавирусийн вакцинд санаа зовохгүй, бардам мэдээлж буй бололтой. “Пфайзер”-ын вакциныг ДЭМБ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд яаралтай горимоор хэрэглэх био бэлдмэлийн жагсаалтад албан ёсоор бүртгэсэн. Харин “АстраЗенека” компанийн вакциныг дөнгөж уржигдар бүртгэлээ. Одоогоор БНСУ-ын “ЭсКэйБио”, БНЭУ-ын “Серум институт Индиа” компанид “АстраЗенека”-гийн вакциныг үйлдвэрлэх технологийн эрхийг ДЭМБ-аас олгоод буй юм байна. Өөрөөр хэлбэл, манай улс Дархлаажуулалтын тухай хуулийнхаа дагуу чанарын шаардлага хангасан, ДЭМБ болон бусад хяналтын байгууллагаар баталгаажсан вакциныг оруулж ирэх боломжоор ийнхүү хангагджээ.
Тэгвэл олон улсад хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн, чанарын шаардлага хангасан дээрх хоёр вакцинаар ямар бүлгийн хүмүүсийг дархлаажуулах бол гэж иргэд сонирхож буй нь лавтай. ХӨСҮТ-ийнхөн эхний ээлжид “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд оруулж ирэх хүн амын 20 хувьд хүрэлцэхүйц 690 мянган хүн/тун вакцинд зорилтот гурван бүлгийг хамруулахаар төлөвлөжээ. Үүнд эрүүл мэндийн салбарын 56 047 ажилтан (нийт хүн амд эзлэх хувь 1.7), коронавирусийн хариу арга хэмжээний багт ажиллаж буй онцгой байдал, цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналтын 52 750 (1.6), 50-иас дээш насны 583 545 (17.7) хүнийг вакцинжуулах аж.
Ингэхдээ улсын хэмжээний дархлаажуулалтын 540 нэгжээр дамжуулан, холбогдох хууль, дүрмийн дагуу зохион байгуулах юм байна. “Пфайзер”-ын вакциныг 18-аас дээш насныханд 21 хоногийн хугацаатай, 0.3 мл тунгаар хоёр удаа хийх заалттай. 690 мянган хүнийг вакцинжуулах уг ажилд 11 600 хүн оролцох судалгаа гаргажээ. Гэхдээ вакциныг тархвар судлалын заалтаар буюу сайн дурын үндсэн дээр хийх гэнэ. Вакцинжуулалтыг эхлүүлэхтэй зэрэгцээд дархлалын тогтоц болон хариу урвал, хүндрэлийн судалгаануудыг давхар хийнэ гэдгийг албаныхан хэлсэн.
Дээр хэлсэнчлэн “Пфайзер” компанийн вакциныг хадгалж, тээвэрлэхэд -70 градусын тоног төхөөрөмж шаардаж буй. Тэгвэл улсын хэмжээний Дархлаажуулалтын кабинетуудад -2-8 градусын, 25.8 шоо метрийн багтаамжтай 25 849, -20 градусынх нь 1967, -70 градусынх нь 1940 литр шингэн хадгалах нөөц хөлдөөгчүүд бий аж. Вакцин импортлох бэлэн байдлыг хангах хүрээнд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар -70 градусын 26 ширхэг хөлдөөгч худалдан авч, тавыг нь ХӨСҮТ-д суурилуулжээ. Ингэснээр манай улс дээрх дөрвөн төрлийн вакциныг импортлон хадгалж, тээвэрлэхэд асуудалгүй болсон байна. Гэхдээ вакциныг хязгаар нутгууд руу тээвэрлэхдээ үйлдвэрлэгч компанийн термоконтейнер буюу хүйтэн савыг ашиглахаар төлөвлөжээ.
ДЭМБ-аас улс орнуудад хүн амынхаа 60-70 хувийг “Ковид-19”-ийн вакцинд хамруулах зөвлөмж өгсөн. Ингэж гэмээнэ цар тахлыг даван туулах хэмжээний дархлаа тогтоно гэж үзсэн. Үүний дагуу манай улс хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах зорилт тавиад буй. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувьд вакцин хийчихлээ гэж бодъё. Үлдсэн 40 хувийг нь хэрхэх вэ гэсэн асуудал тулгарах нь. Тэгвэл хүн амын 40 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг оруулж ирэх хүртэл багагүй хугацаа орно. Ирэх тав, зургадугаар сараас наашгүй гэдгийг албаныхан хэллээ. Тиймээс л коронавирусийн вакцины талаарх мэдээлэл, зөвлөгөө иргэдэд хаалттай байгаа хэрэг. Мэдээлэл, сурталчилгаа явуулаад эхэлбэл эхний ээлжид оруулж ирэх 690 мянган хүн/тун вакцинаас хүртэх хүлээлт үүсэж, улмаар хэл ам дагуулах вий гэдгээс болгоомжилж буйгаа мэргэжлийнхэн нуугаагүй. Ямартай ч дараагийн ээлжид дархлаажуулах хүн амын 40 хувьд хөгжлийн бэрхшээлтэй, архаг, суурь өвчтэй иргэд, дайчлах боломжтой ажиллах хүч, стратегийн ач холбогдол бүхий хил, гаалийн ажилтнууд, нүүрс, тээврийн жолооч нар, бүх шатны боловсролын байгууллагынхан болон бусад гэж төлөвлөжээ. Бусад гэдэгт нь дунд насны, жирийн иргэд байх болов уу. Эл төлөвлөгөөг халдварын тархалтыг харгалзан өөрчлөх боломжтойг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн.
Олон улсын жишиг харвал, дэлхийн хэмжээнд өдгөө “Ковид-19-ийн” эсрэг вакцинд 76 орны 176 сая хүн хамрагджээ. Улс орнуудаас Израил хүн амынхаа 74 хувийг коронавирусийн эсрэг дархлаажуулсан нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Вакцинжуулалтын үр дүн эхнээсээ гарч, дэлхий дахинд халдварын тархалт 17-22 хувиар буурч буйг олон улсад мэдээлэв. Түүнчлэн 232 вакциныг хөгжүүлэн, туршиж буйгаас 66 нь эмнэл зүйн судалгаагаа давж, үйлдвэрлэхийн өмнөх шатанд гарчээ. Эдгээрээс нэр бүхий 10 үйлдвэрлэгч компани вакцинаа яаралтай горимоор хэрэглэх бүтээгдэхүүний жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ ДЭМБ-д хүргүүлжээ. Олон улсад хэрэглэдэг товлолт вакцинууд дунджаар 5-10 жилийн дархлаа тогтоодог. Харин коронавирусийн вакцинуудын дархлал тогтцын түвшин одоогоор тодорхойгүй. Ямартай ч зургаан сараас дээш хугацаанд өвчнөөс хамгаалж буйг судалгаагаар тогтоосныг ташрамд сонирхуулъя.
Гадаад болон дотоодод коронавирусийн вакцинтай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл нэг иймэрхүү. Манай Засгийн газар, УОК-ынхон гэнэтийн шийдвэрүүд гаргаж, иргэддээ “бэлэг” барих дуртай. Одоогоор “Ковид-19”-ийн эсрэг вакциныг хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй ч хүн амын 20 хувийг дархлаажуулах ажлыг энэ удаад хугацаандаа эхлүүлээсэй. Эл асуудалд өмнө нь гаргасан шийдвэрүүд шигээ хөнгөн хуумгай, сэтгэл хөөрлөөр хандахгүй гэж найдъя.
Эхний ээлжийн вакциныг БНЭУ-аас авна
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, коронавирусийн вакцин оруулж ирэхтэй холбоотой зарим асуудлыг шийдэв. Манай улс энэ сарын 22-нд буюу дархлаажуулалт эхлүүлэхээс нэг өдрийн өмнө Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас 150 000 хүн/тун вакцин авчрахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Оксфордын их сургууль, “АстраЗенека” компанийнхан хамтран гарган авч, Энэтхэгт үйлдвэрлэсэн вакциныг авах нь. Үүний дагуу МИАТ компани тус улс руу шууд нислэг үйлдэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. Вакциныг заасан хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн, хадгалах байранд хүргэх, дархлаажуулалтыг үе шаттай эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгасан байна.