Манай улс халдварт саа өвчнийг устгасан гэрчилгээгээ ДЭМБ-аас гардаад 20 жил болжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 20 жилд энэ өвчин бүртгэгдээгүй. Гэтэл бүрмөсөн устсан өвчний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийсээр байгаа нь эцэг, эхчүүд болон судлаачдад эргэлзээ, хардлага төрүүлж буй юм. 2019 оноос өмнө хүүхдүүдэд саагийн уудаг вакцин хэрэглэдэг байсан бол өдгөө тарьдаг нь гарсан учраас нөхөн дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Хэрэв хүүхдээ саагийн тарьдаг вакцинд хамруулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгоно гэдгийг өрхийн эмнэлгийнхэн эцэг, эхчүүдэд сануулж, шаарджээ. Уудаг вакцины зохих тунгаа авсан хүүхдүүд яагаад тарьдагийг нь давхар хийлгэх ёстой вэ. Одоо хийж байгаа нөхөн дархлаажуулалт үнэхээр аюулгүй юу гэх мэтчилэн олон нийтийн хамгийн их сонирхож буй асуултад хариулт хайлаа.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар саагийн тарьдаг вакцинаар тав хүртэлх насныхныг 1-3 дугаар сард нөхөн дархлаажуулж буйг ХӨСҮТ-ийнхөн хэлэв. Тодруулбал, 2016 оны хоёрдугаар сараас 2018 оны аравдугаар 31-ний хооронд төрсөн багачуудыг он оноор нь дээрх сард хуваан, вакцинжуулж байна. Манай улс Дархлаажуулалтын тухай хуультай цөөн орны нэг. Үүнийхээ хүрээнд 15 хүртэлх насныхныг 12 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх найман вакцинд хамруулдаг аж. Халдварт саагийн вакциныг заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолд оруулсан байдаг. Хүүхдэд төрсөн даруйд нь буюу 24 цагийн дотор эхний тунг нь өгдөг бол хоёр, гурав, дөрвөн сартайд нь вакцины дараагийн гурван тунг уулгадаг байна. Тэгвэл V тунг нь манай улс 2019 оноос тарьж эхэлжээ.
Вакцинаас хоцорсон тохиолдолд нэмэлт дархлаажуулалтад хамруулдаг бол нөхөн гэдэгт нь дэлхий дахинд шинээр гарган авсан био бэлдмэлийг тарихыг хэлдэг байна. Үүний дагуу саагийн тарьдаг вакциныг нөхөн дархлаажуулах хэлбэрээр үндэсний хэмжээнд зохион байгуулж буй аж. ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа “Саагийн нөхөн дархлаажуулалтыг нэгдүгээр сарын 18-наас эхлүүлсэн. Манай улс товлолт вакцинуудаа НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар, ДЭМБ-ын гэрчилгээтэй буюу олон улсад хэрэглэхийг хүлээн зөвшөөрснийг импортолдог. Хэдийгээр манайх халдварт сааг устгасан ч өдгөө дэлхий дахинд уг өвчний II хэв шинж нь дэгдээд байна. Эл халдварынх нь дархлаа хүүхдүүдэд тогтоогүй байгаа учраас нөхөн дархлаажуулалт хийж буй. Өөрөөр хэлбэл, 2016-2018 онд төрсөн багачууд эл өвчин тусах эрсдэлтэй тул вакцинжуулж байгааг ойлгох хэрэгтэй. Уудаг вакцин нь халдварт саагийн I хэв шинжийн эсрэг юм. Уг өвчин улаанбурхан шиг зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөртэй. Тиймээс улс орнууд бага насныхнаа саагийн I, II хэв шинжээс сэргийлэхийн тулд вакцинжуулсаар байна. ДЭМБ-ын олон улсын эрүүл мэндийн дүрмийн хаягаар ч уг өвчнөөс сэргийлэх зөвлөмж, анхааруулга ирүүлсээр байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ энэ удаагийн нөхөн дархлаажуулалтад заавал хамруулах ёстой. Уудаг, тарьдаг хоёр вакцин нь энэ мэт ялгаатай учраас давхар хэрэглэчихлээ гэж айх хэрэггүй. Аливаа халдварт өвчин устсан ч тодорхой цаг хугацааны дараа дахин сэргэж, сэдрэх эрсдэлтэй. Манайхан улаанбурхныг устгасан гэрчилгээгээ авсны дараа дахин дэгдээд баларсан шүү дээ. Тэгээд ч вакцин 15-20 жилийн дараа дархлалын түвшин нь буурдаг тул манайд саа дэгдэх эрсдэл ойрхон байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.
Халдварт саа нь полиовирусээр үүсгэгддэг, хэд хэдэн төрлийн омог байдаг юм билээ. Өвчилсөн тохиолдолд тархи, нуруу, нугасны мэдрэлийн эсүүдийг гэмтээж, улмаар саажилт үүсгэдэг байна. Цочмог явцтай, бага насныхан түлхүү өртдөг учраас ДЭМБ уг өвчнийг бүрмөсөн устгах зорилт тавиад уджээ. Гэвч өвчний тархалт өндөртэй улс орнуудаас уг халдвар зөөвөрлөгдсөөр буй тул манайд устсан юм чинь гээд санаа амарч болохгүйг албаныхан зөвлөв. Ялангуяа бие султай, рахиттай, өвчлөмтгий хүүхдүүд ханиад, томуу, хатгалгаагаар өвдсөн тохиолдолд биеийн халуунаа дийлэхгүй татах, саажилттай болох эрсдэлтэй гэнэ. Уг өвчин нь полиовирусээр бохирдсон гараар дамжин халдварлаж, ходоод, тархи, бусад эрхтнийг гэмтээдэг аж.
Саагийн уудаг вакцин нь амьд буюу хүүхдэд шууд полиовирус агуулсан тарилга тарьж, дархлаа тогтоодог. Тэгвэл тарьдаг нь идэвхгүйжүүлсэн буюу хоргүйжүүлснээрээ аюулгүй гэх. Полиовирусээр өвчилсөн хүмүүсийн нэг хувьд нь саажилт үүсдэг бол бусдад нь томуугийн шинж тэмдэг илрээд эдгэрдэг байна. Саагийн вакциныг улс орон бүрт өөр өөр тунгаар хэрэглэдэг бөгөөд ОХУ-д 2-4 сартай хүүхдэд ууж, тарихын аль нэгийг сонгодог аж. Дараагийн тунгуудыг нь 18, 20 сар, 14 насанд нь гэхчлэн нийт зургаан удаа уулгадаг гэнэ. Тэгвэл Германд 2-4, Энэтхэгт хоёр, дөрөв, зургаан сартайд нь гэх зэргээр ихдээ зургаа, багадаа гурван тунгаар дархлаажуулдаг ажээ.
Энэ мэт мэдээллийг эцэг, эхчүүдэд нээлттэй өгдөггүй, ямар шалтгаанаар нөхөн дархлаажуулалт хийж буйгаа нарийн тайлбарладаггүйгээс болж төөрөгдөх, хардах, хүүхдээ вакцинаас хоцроох явдал гарсаар байна. Дэлхийн хэмжээнд өдгөө 13 сая хүүхэд товлолт дархлаажуулалтаасаа хоцорсныг ДЭМБ мэдээлэв. Цар тахлын энэ эрсдэлтэй цаг үед заавал хийх вакцинд хүүхдээ хамруулахгүй байснаар бусад халдварт өртөх эрсдэл улам нэмэгддэг аж. Манай улс 1962 оноос хойш халдварт саагийн вакцин хэрэглэж буй юм байна. Эл вакцины хамралт өдгөө ямар байгаа талаар нийслэлийн зарим өрхийн эмнэлгийнхнээс тодруулахад “Улаанбаатарт бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор саагийн вакциныг энэ сарын 23 хүртэл хийхгүй. Харин 23-наас ирэх сарыг дуустал иргэд харьяа сум, аймаг, дүүргийнхээ Дархлаажуулалтын кабинетад хандан хүүхдээ нөхөн дархлаажуулалтад хамруулах шаардлагатай. Ингэхдээ цаг авч, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахина. Одоо хийж буй тарьдаг вакцин нь хоргүйжүүлсэн учраас аюулгүй” гэсэн юм.
Аливаа зүйл хоёр талтай. Саагийн тарьдаг вакцинаас болж хариу урвал, гаж нөлөө үзүүлсэн жишээ дэлхийд цөөнгүй байдаг аж. Энэтхэгт гэхэд л хүүхдүүд уг вакциныг тариулаад хөл, гар нь саажсан, хожим үргүйдэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй болсон нь ч байна. Дэлхийн хэмжээнд жилээс жилд аливаа вакцины найрлага улам хоруу чанартай болж буй талаарх олон судалгаа гарчээ. Тэр дундаа том гүрнүүдэд хориглосон вакциныг ядуу буурай болон хөгжиж буй улс орнуудад нийлүүлэх, турших тохиолдол мэр сэр гарсаар буй гэх. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ болон өөртөө хийлгэж буй вакцины найрлага, үйлдвэрлэсэн улс, он, лац, хугацааг сайтар шалгахыг судлаачид анхааруулсан. Хэрэв ямар нэгэн сэжигтэй, асуудалтай зүйл анзаарагдвал Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу шаардлага хангаагүй, олон улсад зөвшөөрөөгүй био бэлдмэл ашигласан гэсэн үндэслэлээр мэргэжлийн байгууллагуудад хандаж болох нь. Тухайн зөрчлийг хуулийн байгууллагууд нотолбол хувь хүнд 50, аж ахуйн нэгжид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Түүнчлэн эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд, эрх зүйн чадамжгүй иргэнийг дур мэдэн вакцинд хамруулсан бол хүнийг 150, албан байгууллагыг 1500 нэгжээр торгох заалт Дархлаажуулалтын тухай хуульд бий. Чанарын шаардлага хангаагүй вакцинаас татгалзах эрх нь энэ мэт хуулиар хамгаалагдсан гэсэн үг. Жишээлбэл, томуугийн вакцин хийлгээгүй хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь оруулахгүй гэх тохиолдол манайд мэр сэр гардаг нь хууль бус үйлдэл юм.
Вакцин нь халдварт өвчний эсрэг дархлаа тогтоодог биологийн бэлдмэл. Энэ нь өвчин үүсгэгчийн амьд, үхүүлсэн, сулруулсан, идэвхгүйжүүлсэн хэлбэрээр, эсвэл өчүүхэн хэсгийг хүний биед нэвтрүүлснээр дархлааны системийг сэргээдэг байна. Дараа нь тухайн гаднын биет организмд нэвтрэхэд таньж, өвчлөхөөс сэргийлдэг үйл явцыг хэлнэ. Манайд товлолын дагуу буюу заавал хийх вакцинд сүрьеэ, А, В гепатит, халдварт саа, сахуу, татран, хемофилюс В, улаанбурхан, улаанууд, гахайн хавдрынх багтдаг. Үүнээс өөр төрлийн өвчний вакциныг иргэд, эцэг, эхчүүд сайн дураараа хийлгэх эрхтэй.