Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ЭМДҮЗ (Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл) Цагаан сарын баярын өмнө хуралджээ. Уг хурлаар “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг танилцуулжээ. Зөвлөлийн гишүүн төслийг дэмжиж, батлан улмаар ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлсэн гэнэ. Энэ тогтоолд зүрхний болон гол судасны төрөлх гажгийн мэс заслын эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцахаар заажээ. Ташрамд дурдахад Монголд зүрхний хагалгаа хийлгэх шаардлагатай 2500 хүүхэд бий. Зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүд 3-5 насандаа хорвоог орхих магадлал өндөр аж. Зүрх бол цусыг бие эрхтэнд түгээн тарааж, буцаан хураах үүрэг гүйцэтгэдэг амин эрхтэн.