Коронавирусийн халдвар дотоодод тархсанаас хойш нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт гурав дахиа шилжүүлээд байна. Энэ удаагийнх Цагаан сартай давхацсанаараа онцлог юм. Мөн өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж буй. Албаныхан өрх бүрийн нэг гишүүнийг PCR шинжилгээнд хамруулах ажилд ихээхэн анхаарал хандуулж, халдвартай хүмүүсийг шуурхай илрүүлж, тэр хэрээр цар тахлыг хяналтдаа авах гол найдвар хэмээн үзэж байгаа юм. Гэсэн ч хатуу хөл хорио тогтоосон даруйд Улсын онцгой комисс болон дунд, доод шатны байгууллагуудын гаргасан шийдвэр, хэлсэн үгс зөрж, иргэдийг ихэд бухимдууллаа. “Бид өмнөхөөсөө сургамж авч, туршлага хуримтлуулсан. Энэ удаагийн хөл хорио маш үр дүнтэй байна. Үүний төлөө маш их бэлдсэн. Нарийвчилсан төлөвлөгөөнүүд ч гаргасан” хэмээн мэдээлсэн албаныхан үнэндээ бас л бэлтгэлгүй, ямар ч уялдаа холбоогүй байв. Нөгөө талаар зарим иргэн ч хөл хориог төдийлөн ойшоохгүй байна. Хотын төв, захын хороолол орчмын иргэд хэрхэн шинэлсэн, мөн Цагаан сарын үеэр “Ковид-19” илэрсэн Говьсүмбэр аймгийнхан хэрхэн баярласныг бид сурвалжиллаа.
ЯВГАН ЗОРЧИГЧИД ЧӨЛӨӨТЭЙ ШИНЭЛЭВ
УОК, ЭМЯ-ныхан энэ удаагийн хөл хориог өмнөхүүдээс чанга дэглэмтэй байлгана гэж мэдээлсэн ч гэр хорооллынхон хамар хашаагаараа, орон сууцын оршин суугчид орц, давхраараа шинэлцгээв. Баянгол дүүргийн XXV хороо, X хороолол орчимд хүний хөл ихтэй байлаа. Ойролцоо амьдардаг хамаатан садан, аав, ээжийндээ орохоор яваа бололтой гэр бүлээрээ, хүүхдээ хөтөлсөн хүнтэй бишгүй таарав. Цагдаагийн ажилтнууд автомашинтай иргэдийг нэгбүрчлэн шалгаж байсан ч явган зорчигчдод шаардлага тавихаас хэтрээгүй. Хэв журам сахиулах цагдаагийн албан хаагчдаас зарим зүйлийг тодруулахад “Үйл ажиллагааг нь хориглоогүй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд явганаар болон автобусаар хөдөлгөөнд оролцож байгаа. Тэд ажлын газрын болон иргэний үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд зорчино. Нийтийн тээвэр өдрийн цагаар зогссоны дараа хөдөлгөөн эрс сийрэгжих хандлагатай. Шаардлагагүй зорчиж буй иргэд мэр сэр байна. Тэдэнд зохих шаардлагыг нь тавиад буцаалаа. Хөл хорионы дэглэм зөрчиж, тавьсан шаардлага биелүүлээгүйд нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авсан. Эргүүлийн цагдаагийнхан хоёр ээлжээр, найман цагаар үүрэг гүйцэтгэж байгаа. Цаг агаар харьцангуй дулаарсан тул тээврийн болон хэв журмын цагдаа нар ээлжийн хугацаандаа зам, талбайд зогсоцгоож байна. Төрийн бусад албан хаагч харьяаллынхаа дагуу нэмэлтээр эргүүл хийж эхэлсэн” гэв.
Харин автобусны буудалд орчимд унаанд амжиж суугаагүй, ээлжийн ажилтай зарим төрийн албан хаагч цөөнгүй байлаа. Бас зарим албан хаагч хувийн тээврийн хэрэгслээрээ зорчиж байгаа гэсэн бол зарим нь цагдаагийнхантай үл ойлголцсоны улмаас машинаа орхиж алхахаас өөр аргагүй болсноо ярьсан юм. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хувийн тээврийн хэрэгслээрээ зорчихыг хязгаарлахгүй гэсэн түр журам бий ч цагдаа нарт энэ талаарх мэдээлэл ирээгүйгээс үл ойлголцол үүссэн гэнэ. Тодруулбал, хагас өдөр ажиллаад буудаг эмч, сувилагч, асрагч нар гэртээ харих гэж олон км алхсан тохиолдол нэг бус байна.
ЭЛДЭВ ЗӨРЧИЛГҮЙ, АМАР ТАЙВАН БАЯРЛАЛАА
Гачуурт уулын оройд хэд хэдэн автомашин “сойсон” байх бөгөөд үндэсний хувцсаараа гоёсон 20 гаруй хүн бэлээс өгсөж яваа харагдана. Цагаан сарын шинийн нэгний өглөөг Баянзүрх дүүргийн XX хороо, Гачуурт тосгоны иргэд ийм байдалтай угтлаа. Хэдийгээр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хөдөлгөөнийг хязгаарласан ч ууланд гарч, идээ будааны дээжээ өргөн, хийморь сүлдээ даатгадаг монгол ёс уламжлалаа цөөнгүй иргэн “гүйцэтгэж” амжив. Өөрөөр бол гудамж, талбайд холхисон хүнгүй, иргэн бүр гэр гэртээ амар тайван шинэлцгээлээ. Хотын төвөөс 20 орчим км алслагдсан уг хорооны автобусны буудлын эцсийн зогсоол орчимд цагдаагийн эргүүл гарчээ. 15.00 цагийн үед шинэлэх гэсэн хүний хөл хөдөлгөөн болон хяналт шалгалт ямар байгааг сонирхон автобусны эцсийн буудалд очив. Тэр хавьд хүнсний томоохон дөрвөн дэлгүүр бий. Шинийн нэгний өглөө нэг дэлгүүр ажиллаж байсан юм. 3-4 автомашин зөрж өнгөрснийг эс тооцвол хүний хөдөлгөөн ихтэй байдаг тэр хэсэгт нам жим байлаа. Ажиллаж буй ганц дэлгүүрийн худалдагчтай уулзахад “Хүн цөөн байна. Баярын өмнө иргэд хүнсээ базаачихсан болохоор ганц хоёр дутуу зүйлээ л сураглаж ирлээ. Түүнээс бараг л хүнгүй шахам” гэв. Харин Гачууртын автобусны эцсийн буудлаас холгүйхэн “Тоёота приус” маркийн автомашин зам хөндлөн зогсжээ. Дэргэд нь гартаа дохиур барьсан цагдаа, “Ковид” гэж бичсэн таних тэмдэг бүхий хувцастай нэгэн залуу зогсож байв. Тэд бол Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн III хэлтсийн XX хорооны хэсгийн байцаагч, дэслэгч Т.Баттөгс, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч А.Хатанбаатар нар байлаа. Тэрбээр гэрийнхээ ойр орчимд хуваарилагдсан нь энэ аж. Тэд 14.00 цагт ээлж хүлээж авсан бөгөөд 20.00 цаг хүртэл эргүүлд гарах гэнэ. Дэслэгч Т.Баттөгс “Одоогоор хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнгүй, нам тайван байна. Түлээ, нүүрс, ус авах, хүнсний дэлгүүр орох гэсэн ганц хоёр хүн л автомашинтайгаа зорчиж байна. Хотын төв орох гэсэн хүн алга. Тиймээс ямар нэг зөрчил, хүндрэлтэй асуудал гараагүй” гэв. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг иргэд чанд мөрдөж, гэрээсээ гарахгүй, айл хэсэх гэж хэл ам татлахгүй байгааг алба хаагчид онцлон сайшаасан юм. Тэднээс холгүйхэн Баяндөхөмийн автобусны буудал орчимд эргүүлийн баг ажиллаж буй аж. Орон сууц, орц бүрийг цагдаагийн алба хаагчид “манаж” буй учраас Гачуурт руу нэвтрэх гэсэн тээврийн хэрэгсэл байхгүй, хүн ч цөөхөн тул төрийн албан хаагчид болон иргэдийн дунд үл ойлголцол гарахгүй байгааг тэд онцоллоо. Хоёр шуудай нүүрс тэргээр зөөж яваа иргэнтэй уулзаж цөөн хором ярилцав. Тэрбээр “Хүүгийнхтэйгээ айл болохоор тэд маань золголоо. Өөр хүн орж ирсэнгүй. Цагаан сарыг нүсэр биш, төсөр тэмдэглэж болдог юм байна. Сар шинийн өмнө хорооны хогийг ачилгүй, гудамжинд үхэр, нохой тарааж хаясныг эс тооцвол сайхан шинэллээ. Одоо шинжилгээгээ өгчихвөл хөл хорионы гол ажил амжих гээд байна” хэмээсэн юм. Баянзүрх дүүргийн иргэдийг энэ сарын 21, 22-нд шинжилгээнд хамруулах бөгөөд хөл хорионы үр дүн эерэг гарна гэдэгт иргэд итгэн хүлээж буйг хэлэхэд илүүдэхгүй биз.
ХӨЛ ХОРИОГ УЛАМ ЧАНГАТГАВ
Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэлд энэ сарын 11-23-нд хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн билээ. Харин орон нутгийн хувьд эрсдэлийн зэргээсээ хамаарч харилцан адилгүй шийдвэр гаргасан юм. Говьсүмбэр аймгийн тухайд энэ сарын 11-ний 20.00 цагаас 15-ны 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн байлаа. Битүүний өдөр хөл хорио тогтоогоогүй учир иргэд цагаан сарын бэлтгэлээ базааж, аймгийн зах, худалдааны төвүүдэд хөл хөдөлгөөн их байв.
УОК-ын шийдвэрээр нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг Цагаан сараас өмнө буцаах болсон. Үүний дагуу Говьсүмбэр аймгийнхан энэ сарын 9-нд нийслэлээс иргэдээ нэгдсэн журмаар татан авсан юм. Улаанбаатараас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлахаар болсон бөгөөд аймгийн Онцгой комиссынхон тэднийг хянаж байгаа аж. Мөн сар шинийн өдрүүдэд төрийн албан хаагчид эргүүлд гарч, дроноор бичлэг хийн, хатуу хяналт тавьсан бөгөөд аймгийн ЗДТГ-аас нөхцөл байдлын мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан цаг тутам иргэдэд хүргэлээ. Хатуу хорио тогтоосон учир шинийн нэгний өглөө хөл хөдөлгөөнгүй байв. Иргэд ч аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж, гэрээсээ гарсангүй.
Гэсэн ч Улаанбаатар хотоос ирсэн, гэрийн тусгаарлалтад байсан иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд нэгээс нь коронавирус илэрснээр аймгийн хэмжээнд шинийн нэгэнд хяналт шалгалтыг улам чангаруулав. Уг нь тус аймагт шинээр өвчлөл бүртгэгдээгүй 74 хоножээ. Тухайн иргэний сорьцыг ХӨСҮТ-д хүргэж, PCR шинжилгээ хийлгэсэн бөгөөд онош нь уржигдар баталгаажиж, “Ковид-19”-өөр өвчилсөн нь нотлогдсон талаарх мэдээллийг аймгийн Онцгой комиссоос олон нийтэд мэдээлсэн юм. Тухайн иргэн Улаанбаатар хотод эмнэлгээр үйлчлүүлж, эмчилгээ хийлгээд энэ сарын 8-нд өөрийн унаагаар аймагтаа ирсэн байжээ. Нийслэлээс орон нутаг руу зорчих үед нь хэд хэдэн удаа шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь сөрөг гарсан аж. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сахин гэрийн тусгаарлалтад байж, бусад газраар зорчоогүй хэмээн Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од хэлсэн. Нийслэлээс орон нутаг руу зорчсон иргэнээс ийн коронавирус илэрсэн учир гэрийн тусгаарлалтад байгаа бусад хүнд хатуу хяналт тавьж, хөдөлгөөнд оролцуулахгүй, халдвар хамгааллын дэглэм сахиулах арга хэмжээг орон нутагт авч эхлэв.
Сурвалжилсан: О.БАТ-УНДРАХ, Ч.БОЛОРТУЯА, Ж.ОТГОНТУУЛ