ХӨСҮТ-ээс уламжлалт ёсоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн "Ковид-19"-ийн шинжилгээний дүнг танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 38 450 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 58 хүнээс халдвар илэрсэн байна. Үүний хоёр нь айл өрхүүдээр явж, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" авах үеэр, 56 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ. Ингэснээр Улаанбаатарт хотын хэмжээнд батлагдсан тохиолдол 1513 болсон. Харин улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтод 1839 тохиолдол батлагдсан. Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод бүртгэгдсэн нийт 2351 тохиолдол байгаагийн 71.5 хувь нь эдгэрсэн байна" гэв. Коронавирусийн халдвар авсны улмаас 621 эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдээс биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд дөрөв, хүндэвтэр 80, хөнгөн 536 хүн байгааг А.Амбасэлмаа эмч хэллээ. Мөн 116 сургууль, Сонгинохайрхан дүүрэг дэх 21 худалдааны төвтэй холбоотой голомт, бөөрний диализийн эмнэлэгтэй холбоотой халдвар, Монгол шир хувьцаат компани, нийслэлийн Амгалан амаржих газар, Си Жи Эс эмнэлэгтэй холбоотой зургаан голомт идэвхтэй хэвээр байгааг онцолсон юм.
Албан байгууллагад халдвар гарахад цааш нь гэр бүл, найз нөхөд, танилууд гэх мэтээр үргэлжилдэг байна. Манай улсад батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд халдварт олноор өртжээ. Хавьтлаас халдвар авсан үзүүлэлт манайд 20 хувь бол олон улсад 10 гаруй хувьтай байгаа юм. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 1046, хоёрдогч хавьтлын 2346 хүн бий аж.