Сүүлийн 24 цагийн дотор 12252 хүнд шинжилгээ хийхэд 50 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Коронавирус халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал хүмүүсээс ийнхүү халдвар илэрсэн байна. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр халдварууд нь “Монгол шир”, СХД-ын худалдааны төв, “Микс” пицца, банк бус санхүүгийн байгууллага зэрэг голомтоос үүдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "Халдвар тарсан хязгаар цар хүрээ нь улам өргөжиж байна. Тиймээс иргэд гудамж талбай болон олон нийтийн газраар явахдаа анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийн, найз нөхдийн халдварууд тасралтгүй үргэлжилж буй. Ер нь нэг халдварын үргэлжлэх хугацаа нэг сар орчим болж байгааг" хэлэв.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2073 болоод байгаагаас 40 хувь нь эдгэрч, 1563 хүн эмчлүүлж байна.