Ажил дээрээ болон дотоод орчинд маск зүүхгүй байх нь халдварт өвчинд өртөх эрсдэл өндөр гэж ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.
Тэрбээр, "Халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, халдварт өртсөн ажилтнаа ялгаварлан гадуурхах, нуух тохиолдол гарч байна. Хэрэв ажилтан халуурсан бол гэр рүү нь шууд явуулж болохгүй. Учир нь тухайн хүн гэртээ харих замдаа нийтийн тээврээр үйлчлүүлэх гэх мэт олон хүнтэй хавьтал болно. Тиймээс албан байгууллага бүр оффистоо тусгаарлах өрөөг бэлдэх ба сэжигтэй ажилтнаа тэрхүү өрөөндөө тусгаарлаад 119 руу залгаж мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах ёстой. Шинжилгээ нь эерэг гарсан тохиолдолд удирдлага нь нуух хандлага гарч байна. Тиймээс халдвартай болон сэжигтэй ажилтнаа ялгаварлан гадуурхах, халдварын тохиолдлыг нуух үзэгдэл хэзээ ч байж болохгүй" гэлээ.