Эрүүл мэндийн салбарт татвар төлөгчдийн өчнөөн тэрбум төгрөгөөр хэрэгжүүлдэг үндэсний хөтөлбөрүүдийн зарцуулалт, үр дүн, өгөөж нь иргэдэд төдийлөн нээлттэй байдаггүй. Заримыг нь олон нийт мэдээ ч үгүй байхад хэрэгжүүлээд дуусчихсан, эсвэл дундаас нь зогсоосон байх нь бий. Тухайлбал, улсын хэмжээнд 2010, 2013, 2016-2025 он хүртэл хэрэгжүүлж буй гэх “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах”, “Халдварт бус өвчнөөс сэргийлэх”, “Сэтгэцийн эрүүл мэнд”, “Осол, гэмтлээс сэргийлэх”, “Хүн амын хоол, тэжээл”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” зэрэг хөтөлбөрийн явц, санхүүжилт, гарсан үр дүн нь одоо ч нээлттэй бус. Эх, хүүхдийн эндэгдэл өссөөр, эрүүл мэнд нь жил ирэх тусам доройтон, халдварт болон халдварт бус өвчин хяналтаас алдагдаж, сэтгэц, мэдрэлийн өвчин, осол, гэмтлээр өч төчнөөн хүн нас барсаар байгаа нь эдгээр хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буйг илтгэх биз ээ.
Үүн дээр олны хэл ам байнга шахам таталдаг “Элэг бүтэн Монгол”, “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”, “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөр нэмэгдэнэ. Эдгээрийг өмнөх хөтөлбөрүүдээс арай хүртээмжтэй, олныг хамруулан хэрэгжүүлж буй ч зарцуулсан мөнгөн дүнд нь харьцуулбал үр дүн нь бас л хангалтгүйг иргэд шүүмжилдэг. Тухайлбал, хэрэгжүүлсэн цагаасаа л эцэг, эхчүүдийн уур бухимдлыг барж, “чулуу хөөлгөсөөр” ирсэн “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүн ямархуу байгааг энэ удаад хөндье.
Засгийн газар, ЭМЯ 2019 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлсэн “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2023 он гэхэд 2-12 насны 750 мянга гаруй хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх зорилт тавьсан. Гэвч нэг хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэхэд 60 000 төгрөг төсөвлөсөн нь бодит байдалд нийцээгүй, гэрээт эмнэлгүүд болон эцэг, эхчүүдийн маргааны гол эх үүсвэр болж хувирсан юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй гэрээ байгуулахдаа тэднийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг хүүхдэд төсөвлөсөн 60 000 төгрөгөөр өвчтэй бүх шүдийг нь эмчлэх шалгуур тавьж, тохиролцсон. Уг хөтөлбөрт хамрагдсан хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэсэн ч, цоорлын эсрэг түрхлэг түрхүүлсэн ч улс тухайн эмнэлэгт дээрх мөнгөн дүнг олгож иржээ. Харин гэрээт эмнэлгүүд нэг хүүхдийн эмчилгээнээс илүү гарсан мөнгөөр 3-4 шүд нь өвчтэй нөгөөгийнх нь амны хөндийг эрүүлжүүлэх ёстой байв. Харамсалтай нь, тэдний цөөнгүй нь өнгөрсөн хугацаанд олон шүд нь “хорхойтой” хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх үүргээ биелүүлээгүй аж. Өөрөөр хэлбэл, 60 000 төгрөгийн санхүүжилтэд нь тааруулан нэг хүүхдийн ихдээ л хоёр шүдийг нь үнэгүй эмчилж, илүү гарсан төлбөрийг эцэг, эхчүүдээс нь гаргуулдаг байж.
Эдүгээ манай улсад хүүхдийн шүдний өвчлөл нэн тулгамдсан асуудал болоод буй. Хүнсний аюулгүй байдал алдагдсан, хүүхдээ “буруу” эрхлүүлж, хооллодогтой холбоотойгоор ой хүрэв үү, үгүй юү шүднүүд нь өвчилж, улмаар нүүр, амны үрэвсэлт өвчинд олноор өртөх болжээ. Жишээлбэл, 5-6 насны хүүхдүүдийн 94 хувь нь шүд цоорох өвчтэй гэсэн статистик бий. Тиймээс л “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөр хамгийн эрэлттэй, хэл ам дагуулж буй хэрэг. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар тус хөтөлбөрт 154 700 хүүхэд хамрагдсаныг ЭМДЕГ-ынхан хэлэв. Тэдний 4137 нь эрүүл шүдтэй байсан бол бусад нь цоорлын, сувгийн гэхчлэн долоон төрлийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан гэнэ.
ЭМДЕГ-ынхнаас тус хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, санхүүжилтийн талаар тодруулахад, 2019 онд 93 093 хүүхдийн эмчилгээнд 5.5, өнгөрсөн жил 60 204 хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэхэд 3.6 тэрбум төгрөг зарцуулсныг хэлсэн. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сард нийслэл, орон нутгийн 131, тавдугаар сард 151 эмнэлэгтэй гэрээ байгуулан, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ч тухайн оны эцэст эл тоо 72 болж цөөрснийг тус газрын тайланд тэмдэглэжээ. Тэр хэрээр хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн тоо дээрх хугацаанд 23 500-гаас 1500 болж буурсан байна.
Энэ он гарснаас хойш гэрээт эмнэлгүүдийн зарим нь хөтөлбөрийг зогсоосон, “Ковид-19”-ийн улмаас хурууны хээ уншихгүй гэх шалтгаанаар хүүхэд үзэхгүй, эсвэл долоо хоногийн ганц өдөр дээрх үйлчилгээг үзүүлж буй юм байна. Энэ талаар ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын ахлах мэргэжилтэн Т.Сувд-Эрдэнээс тодруулахад “Манайх “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хувийн хэвшлийн эмнэлгүүдээр гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулж ирсэн. Үүний хүрээнд тухайн тусламж, үйлчилгээг авч буй 2-12 насны хүүхдийн шүдний үзлэг, эмчилгээг бүртгэх цахим систем нэвтрүүлэн, гүйцэтгэлийнх нь дагуу эмнэлгүүдэд санхүүжилтийг нь олгож байна. Тухайн хөтөлбөрт хамрагдах хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч цахимд хурууны хээгээ уншуулснаар үйлчилгээ авах эрх нь баталгаажна гэсэн үг. Уг цахим системд хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн мэдээлэл, амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой асуумжууд, эмчийн онош, хэчнээн шүдэнд ямар эмчилгээ хийсэн зэргийг бүртгэдэг. Нэг хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлсний төлөө ЭМДЕГ-аас тухайн эмнэлэгт 60 000 төгрөгийн санхүүжилт олгож ирсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд зарим гэрээт эмнэлэг уг мөнгөн дүнгээс илүү гарсан үйлчилгээний төлбөрийг эцэг, эх, асран хамгаалагчдаас нэхэж авсан гэх гомдол их ирсэн. Тухай бүрт нь бид уг асуудлыг тодруулж, зарим гомдлыг газар дээр нь очиж шийдвэрлэсэн. Гэрээний дагуу эмнэлгүүд дээрх мөнгөн дүнгээс хэтэрсэн үйлчилгээ үзүүлсэн ч нэмэлт төлбөр авах ёсгүй. Харин орон нутагт уг хөтөлбөр хангалтгүй хэрэгжсэн гэсэн судалгаа бий. Тиймээс ЭМДЕГ-аас 2020 оны дөрөвдүгээр сард нэмэлт сонгон шалгаруулалт зарлаж, сумын шүдний кабинеттай, мэргэжлийн эмчтэй Эрүүл мэндийн 10 гаруй төвийг хөтөлбөрт хамруулсан. Улсын хэмжээнд он гарснаас хойш уг хөтөлбөрийг хэвийн үргэлжлүүлж байгаа. Халдвар гарсантай холбоотойгоор хурууны хээ уншихгүй, шүдний үзлэгийг зогсоох зэрэг үүрэг, чиглэл манайхаас өгөөгүй. Энэ тусламж, үйлчилгээг үзүүлэхгүй, зогсоосон эмнэлэг байвал ЭМДЕГ-ын 1800-1363 дугаарын утсанд хандаж, шалгуулах боломжтой” гэв.
ЭМЯ болон холбогдох байгууллагууд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг энэ мэтчилэн нийслэлд хангалттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа бололтой. Тиймээс тус хөтөлбөрийг зогсоох гэж буй юм байна. Энэ талаар ЭМЯ-ны Нүүр, амны салбар зөвлөлийн гишүүн Б.Өнөрбилэг “Тус хөтөлбөрийг өнгөрсөн хоёр жил хэрэгжүүлэхдээ орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагаа огт явуулаагүй. Цөөн аймгийн төв, суурин газарт хэрэгжүүлсэн ч хангалтгүй дүн үзүүлсэн. Сүүлийн 30 орчим жилд орон нутагт тэр дундаа алслагдсан сумуудад шүдний эмнэлэг, кабинет байгуулах алхам хийгээгүй. Өнгөрсөн онд л бүх сумыг шүдний кабинеттай болгох шийдвэр гарлаа. Манай зөвлөлийн гишүүд үүнийг дэмжиж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тооцоо, судалгаа гаргахад нь тусалж байна. Мэдээж энэ онд 330 сумыг шүдний кабинеттай болгож амжихгүй. Хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн ч тэнд ажиллах боловсон хүчин алга. Тиймээс эхний ээлжид нүүр, ам судлалын үндэсний хэмжээний судалгаа хийж, шүдний эрүүл ахуйч, туслах, техникч бэлдэхээр зэхэж байна. Үүний хүрээнд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг бүх сумд хэрэгжүүлэх зорилт тавьсан. Уг нь өнгөрсөн сард уг хөтөлбөрийг нийслэлд зогсоох байсан боловч эмнэлгүүдийн гэрээний хугацаа дуусаагүй тул ирэх зургадугаар сар хүртэл үргэлжлүүлээд тасалбар болгоно. Нийслэлд 154 мянган хүүхэд дээрх хөтөлбөрт хамрагдсан нь том дэвшил юм. Гэтэл орон нутагт хүүхдийн шүдний өвчний эрчим нийслэлийнхээс хэд дахин өндөр байна. Шүдээ авхуулах гэж 300, 400 км зам туулж, төв, суурин бараадна гэдэг байж болохгүй асуудал. Орон нутагт 1.8 сая гаруй хүн амьдарч байгаагаас 500-600 мянган хүүхдийн шүд өвчтэй, тусламж, үйлчилгээ хүрэхгүй байгаа. Өдгөө бүх сумын дөрөв нь л шүдний эмнэлэгтэй. Тиймээс 2023 он гэхэд бүх сумд энэ төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг болгох зорилт тавьсан” гэж ярилаа.