Нийслэлийн “Өргөө” амаржих газарт өнгөрсөн сарын 19-нд “Ковид-19”-ийн батлагдсан тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор үйл ажиллагааг нь хэсэгчлэн хааж, тусламж, үйлчилгээг бусад эмнэлэг рүү шилжүүлсэн билээ. Тодруулбал, Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүдийг “Гурван гал”, Чингэлтэй дүүргийнхийг “Амгалан” амаржих, Хан-Уулынхыг нэгдүгээр төрөх эмнэлгийн В хэсэгт 30 ортой эх барихын тасагт хүлээн авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байв. Мөн нярайн эмгэг болон эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагааг хэвийн явуулж байсан юм. Тус эмнэлэгт амаржсан эмэгтэйгээс халдвар илрэх үед төрсөн 100 орчим эх, нярай, 90 жирэмсэн эмэгтэй, 160 эмч, ажилтныг тусгаарласан байна. Мөн эмнэлэгт 14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, цаашид халдвар тархах аюулаас сэргийлж чадсан гэж үзсэн тул өчигдрөөс хэвийн ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ Хан-Уул, Чингэлтэй дүүргийн жирэмсэн эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд Баянгол дүүргийнхийг түр хугацаанд ЭХЭМҮТ-д хүлээн авахаар зохицуулсан байна. Ташрамд дуулгахад, тус эмнэлэгт уржигдар 14 эх амаржиж, зургаан хүү, найман охин мэндэлжээ.