Шинэ Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан нар өчигдөр УОК-ын Шуурхай штабт ажиллаж, цар тахлын нөхцөл байдал, холбогдох албаныхны хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, үүрэг чиглэл өглөө.
БИД ДАЙНТАЙ ҮЕД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙНА ГЭВ
Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон тулгарч буй бэрхшээлийн талаар “2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс УОК-ын Шуурхай штаб Эрүүл мэндийн яамны байранд ажиллаж байна. Шуурхай штабын тогтолцоо ЭМЯ-ны бүтэцтэй нийцэж буй. Гэхдээ сүүлийн 2-3 сард үйл ажиллагаа явуулахад цөөнгүй бэрхшээл тулгарч, ЭМЯ-нд ажиллахад маш хүндрэлтэй болсон. Яам, Шуурхай штабын хооронд мэдээлэл солилцох, менежментийн харилцаа тааруу байгаа. УОК-оос шийдвэр гаргадаг ч доод шатанд замхардаг. Миний үг шорвог болох гээд байгаа учраас Шадар сайдтай тусад нь ярина. Дотоодод дэгдсэн халдварыг зогсооход зохион байгуулалт чухал. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарынхан цэгцэрч чадахгүй бол асуудал бахь байдгаараа л байна” гэв.
Ерөнхий сайд “Бид үндсэндээ дайнтай үед ажиллаж, амьдарч байна.
Энэ дайнд ялалт байгуулах, эсэх нь онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнээс ихээхэн хамааралтай. Манай онцгой байдлын албаныхан байгалийн гамшгийн эсрэг сайн ажилладаг. Харин цар тахал шинэ зүйл учраас тааруу ажилласан. Тиймээс ажлын арга барил, хандлагадаа томоохон өөрчлөлт хийх шаардлагатай. Шийдвэр гаргахаасаа өмнө маш сайн судал. Цар тахал бол цогц зүйл. Харин манай салбарууд цогц ажиллаж чадахгүй байна. Гаргасан шийдвэрээ өөрсдөө мөрдөхгүй бол иргэд яаж дагах юм бэ. Бид том шийдвэрүүдээ зөв гаргасан ч нарийн зүйлс дээр алдсан. Ам, ажил зөрөхгүй байх менежментийг баримтлах ёстой. Хуралдахаас илүүтэй доод шатны ажилтнуудаа чадавхжуулж, дунд нь ажилла” гэсэн юм.
ЭНЭ САРЫН 6-21-НД ХӨЛ ХОРИО ТОГТООХ САНАЛ ГАРГАВ
УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 6-21-нд буюу 16 хоногийн турш нийслэлд хөл хорио тогтоох нь зүйтэй гэсэн саналыг Ерөнхий сайдад өчигдөр танилцуулав. Цар тахлын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр ийм шийдэл гаргах нь зүйтэй гэж эрдэмтэд үзжээ. Түүнчлэн энэхүү хөл хорио нь манай улс “Ковид-19”-ийг хяналтдаа авах сүүлчийн боломж гэдгийг судлаачдын төлөөлөл хэлсэн юм. Учир нь удахгүй цаг агаар дулаарахаар хүмүүсийн хөл хөдөлгөөн ихсэж, халдварыг тогтоон барих боломжгүйд хүрэх гэнэ. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Хөл хорио тогтоохгүй бол ирэх сараас эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнийг эмчилж, бусдыг нь гэрт нь байлгахаас өөр аргагүй болно. Ингэснээр өвчилсөн хүмүүсийн хоёр хувь нь нас барах тооцоолол бий. Хөл хорио тогтоовол эмнэлгийн ачааллыг хэвийн, нас баралтын түвшнийг ч бага байлгаж чадна. Үгүй бол байдал хүндэрч, цар тахал жинхэнэ утгаараа эхэлнэ” гэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ч өчигдөр үүнийг тодотгож, хөл хориог сулруулснаар нийслэлд өвчлөл ихсэж байгааг мэдээлсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт дотоодын халдварын 126 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөхөөсөө 30 хувиар өссөн дүн. Халдвар иргэдийн дунд тархах эрсдэл маш өндөр байна. Цаашлаад нийслэлд халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байвал эмнэлгийн бусад төрлийн тусламж, үйлчилгээ хүндрэх эрсдэлтэй. Ялангуяа халдвар авсан 65-аас дээш насны хүмүүсийн биеийн байдал хүндрэх боллоо. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд ажиллаж эхэлсэн, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулсан нь халдвар эрс ихсэхэд нөлөөлсөн” хэмээв.
ШУУРХАЙ ШТАБЫН АЖЛЫГ 14 ХОНОГИЙН ДАРАА ШАЛГАНА
Засгийн газар цар тахалтай тэмцэх шинэ төлөвлөгөө гаргахдаа эрдэмтдийн уг саналыг харгалзана гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Тэрбээр “Цар тахал болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр нэг байх ёстой гэж үзэж байна. Үүний талаар Засгийн газрын хуралдаанаар (энэ сарын 3-ны ээлжит хуралдаан) хэлэлцэнэ. “Хөл хорио тогтоохгүй бол болохгүй. Хөл хорихгүй гэж байгаад дараа нь хариуцлага алдсан нэр зүүх вий” гэсэн хандлагаар ажиллаж болохгүй. Арилжааны банкууд яагаад зээл өгөхөө больж, Монголбанканд бүх мөнгө нь төвлөрчихөөд байгааг Шуурхай штабынхан анхаарах ёстой. Амаргүй нөхцөлд ажиллаж буйг ойлгож байна. Гэхдээ ажлаа илүү уялдуулах, буруутай хүмүүст хариуцлага тооцох ажлыг Шадар сайд хэрэгжүүлэх хэрэгтэй. 14 хоногийн дараа би дахиж ирээд, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг шалгана” гэж Ерөнхий сайд хэллээ.
Бэлтгэсэн: М.Оч