2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Анхан шатны тусламжийн хэлтсийн дарга С.Энхцолмон, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Э.Амбасэлмаа нар оролцож, коронависруст халдвар (COVID-19)-ын өнөөгийн нөхцөл байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, ялангуяа зорилтот бүлгийн иргэдийг коронавируст халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Э.Амбасэлмаа Улаанбаатар хотод халдварын голомт буурахгүй, ялангуяа Баянгол дүүргийн 12, 25, Баянзүрх дүүргийн 2, 26, Сүхбаатар дүүргийн 1,5, Сонгинохайрхан дүүргийн 1, 25 дугаар хороодод тархсан халдвар идэвхтэй байгаа тул гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хянах, тандалт, судалгаа хийх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвд илэрсэн сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээний талаар заавар, зөвлөгөө өглөө.
Анхан шатны тусламжийн хэлтсийн дарга С.Энхцолмон: 2020 оны 12 сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн сайдын 29 дугаар албан даалгавар гарсан, зорилтот бүлгийн иргэдийг коронавируст халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах тухай даалгаврын хэрэгжилтийг хангаж, бүртгэл судалгааг нарийвчлан гаргах, зорилтот бүлгийнхэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдахгүй үзүүлэх, халдварын эрсдэлээс сэргийлж утсаар болон цахимаар өгөх зөвлөгөө, хяналтыг сайжруулах, иргэдийг шинжилгээнд хамруулах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөв.