Тандалт судалгаа хийх явцад хавьтал болсон хүмүүс зугтаах, архи уух, байршлаа нуух зэрэг асуудал үүсгэж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Тэрбээр, “ХӨСҮТ-ээс эмч, ажилтан очихоор хаалгаа тайлж өгөхгүй, байршлаа нуух, өөр байршилд очиж нуугдах тохиолдол ихээхэн гарч байна. Энэ нь халдвар тархахад нөлөөлж байгааг манай иргэд ойлгох хэрэгтэй. Иргэдийн хөдөлгөөн их байгаа энэ үед халдварт өвчинд өртөх эрсдэл өндөр. Иймд иргэд маань өндөр ухамсартай, соёлтой байх, мөн хавьтал болсон хүмүүсээ нуухгүй байхыг анхааруулан хэлмээр байна" гэлээ.