Ховд аймагт очсон хоёр хүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан гэж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээллээ.
Тэрбээр "Өнөө өглөө ирсэн иргэдээс хоёр хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. Бүсийн оношилгооны төв дээр PCR шинжилгээ хийхэд хариу мөн эерэг гарч батлагдлаа. Тэдний биеийн байдал одоогоор хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг алга. Халдвартай хоёр иргэн болон нэгнийх нь төрсөн дүүг нь тусгаарлах байранд тусгаарлаж хамт ирсэн бусад 38 хүнийг Дарви суманд тусад нь тусгаарлалаа. УОК-ын гишүүдтэй зөвшилцөн тэдгээр 41 иргэнийг өнөөдөр /01.27/ тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу шилжүүлэн ХӨСҮТ-д тусгаарлаж, халдвартай хүмүүст эмчилгээг хийнэ. Бид аймаг руу гаднаас орж ирж байгаа бүх хүнд шинжилгээг хийж байна.
Нийслэлд байгаа оюутнууд хоол хүнсгүй хэцүүдэж, нутаг буцах шаардлагатай байна гэсний дагуу мөн Улаанбаатарт эмчилгээ хийлгэж байсан өвчтэй хүмүүс айлуудаар хоноглож хүнд хэцүү нөхцөлд байна гэсний дагуу Ховд аймгийн иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлсэн.
Нутаг буцах хүсэлтэй нийт 745 иргэнийг нэгдүгээр сарын 19-23-ныг хүртэл бүртгэсэн. Тиймээс эхний ээлжийн 320 хүний шинжилгээг нэгдүгээр сарын 23-нд хийхэд бүгд сөрөг гарсан. Татан авах ажиллагааг 25-нд буюу энэ даваа гарагт эхлүүлсэн юм" гэлээ.