ХӨСҮТ-ийг 14, 15 жил удирдсан гэх Д.Нямхүү эмчийг албаа өгсөн гэх шуум цахим орчинд гарсан. Салбарынх нь сайд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хэдийн өгсөн. Тиймээс ХӨСҮТ-ийн захирлыг албанаас нь буулгах албан тушаалтан одоохондоо алга. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яам "эзэнтэй" болж байж, ХӨСҮТ-ийн захирлыг чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэнэ. Гэсэн хэдий ч зарим хэвлэлээр Д.Нямхүүг ажлаа өгсөн мэтээр бичиж мэдээлж буй. Тиймээс түүнтэй утсаар холбоо барьж, албаа өгсөн, эсэхийг нь тодрууллаа. Тэрбээр "Албаа өгөөгүй, яг одоо ч ажлаа хэвийн хийж байна" гэх хариултыг өглөө. Ташрамд дурдахад, Сүхбаатарын талбай дээр өчигдөр сайн дураараа жагсаж, үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн иргэд Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нарыг ажлаа өгөхийг шаардахаас гадна ХӨСҮТ-ийг олон жил удирдаж, эзэн мэт аашилж, аяглах болсон Д.Нямхүүг ч гэсэн албаа өгөхийг шаардаж байсан билээ.