Иргэд үзэл бодлоо илэрхийлэхээр Сүхбаатарын талбайд сайн дураараа цуглалаа. Дүн өвлөөр дөнгөж төрөөд удаагүй эхийг нярай хүүхдийнх нь хамт "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ рүү тусгаарлахдаа гэрийн шаахай өмсүүлж, гадуур хувцасгүй авч явааг харсан иргэд өнөөдөр ийнхүү нэгдээд байна. Тэд хэн нэгний шаардлагаар бус өөрсдийн үзэл бодлоор нэгдэж талбай дээр тайван жагсаал хийж буйгаа илэрхийлсэн юм.
Уг жагсаалд гэрийн халаад, шаахай өмсөөд ирсэн хүмүүс болон жирэмсэн, олны танил хүмүүс, залуусийн төлөөлөл оролцож, дээд, доод шатны хэрэгжүүлж байгаа төрийн бодлого гүйцэтгэл муу байгааг шүүмжлэв. Өнөөдөр талбай дээр байгаа хүмүүсийг зохион байгуулсан хүн байхгүй бөгөөд иргэн бүр дэглэмээ бариад зогсож байв. Үүнээс нэг зүйл анзаарагдаж байсан юм. Олон нийт үүнээс цааш тэвчиж чадахгүй болоод ийн нэгджээ. Тухайлбал, иргэд "Энэ үйлд явдлыг харсаар байж, хараад хариуцлагаа хүлээгээч ээ", "Маш олон хүмүүс өнөөдрийг хүртэл хар толгойгоороо би хариуцна гээд л олон хүмүүс зурагтаар гарч ирж загнасныг санаж байна", "Яг үнэндээ хариуцлага хүлээсэн хар толгой бол нэгийг ч харсангүй. Дандаа доод албан тушаалтандаа, процесст зүтгэж байгаа хүмүүсийг ажлаас нь халж тэр хүмүүст хариуцлага тооцсоноос биш энэ ажлыг хийнэ чадна гээд сайд болсон онцгой комиссын дарга болсон хүмүүс яагаад өөрсдөө хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ", "Яагаад хариуцлага хүлээлгэхийг үүрэг болголоо гээд өөрсдөө зүгээр сууж байгаа юм. Энэ бол маш логикгүй хамгийн хогийн үзэгдэл Монголд болж байна шүү дээ" хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Тийм учраас иргэд зүгээр утас хараад суух биш талбайд нэмж цугласаар байлаа. Нөгөөтэйгүүр, маш тайвнаар үзэл бодлоо илэрхийлж байсан. Мөн хүн бүрийг заавал талбай дээр ирж жагсахгүй ч дор бүрнээ үгээ хэлээч хэмээн уриалсан. Өөрөөр хэлбэл, Магадгүй өнөөдөр чимээгүй байх юм бол маргааш танай хүүхэд, таны охин, таны эхнэрийг өчигдрийн үйл явдал хүлээж буй гэдгийг олон нийтэд ойлгуулах нь нэгдсэн иргэдийн зорилго зорилт байв.
Тэд "УОК огцор" гэсэн бичиг барьжээ. Иргэдийн барьсан уриа лоозонг цагдаа нар хураан авч урсан нь маргаан дагуулав. Түүнчлэн үдээс хойш АН-ын зарим гишүүд очиж, үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцлага алдсан хүмүүст тодорхой арга хэмжээ авах шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.
Мөн хөл хориогоор далимдуулж ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хааж, ямар ч орлогогүй туйлдуулж байна гэдгийг тайван жагсаалд оролцогчид хэлэв. Иймд Засгийн газраас ард иргэдийнхээ амьдрал нийцсэн тодорхой нэг шийдэлд хүрсэн хариу арга хэмжээ авах, иргэдээ нохойноос дор үзэж байгаа албан тушаалтнуудад тодорхой хариуцлага тооцохгүй бол цаашид ч нэгдсээр байх болно гэдгээ илэрхийлсэн билээ.