Өргөө амаржих газарт төрсөн эхийн талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өглөө. Тэрбээр, "Эрүүл мэндийн байгууллагууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэхдээ дагаж мөрдөх Эрүүл мэндийн сайдын баталсан дүрэм, журам байдаг. Төрсөн эхийг тусгаарлах өрөөнд оруулаад, улмаар дулаан хувцсыг нь өмсгөөд өөр эмнэлэг рүү шилжүүлэх зохицуулалтыг дүрэм, журмаар зохицуулсан байгаа. Гэтэл “Өргөө” амаржих газар болон ХӨСҮТ-ийн тухайд эхийг шилжүүлж өгөхдөө, авахдаа бүх дүрэм, журмыг зөрчсөн. Халдвар гарсан үед өвчтөнийг тусгаарлах өрөө бүх эмнэлэгт байгаа. Тусгаарлах өрөөнд тэр эхийг байлгаж байгаад дулаан хувцас өмсгөсний дараа шилжүүлэх арга хэмжээг авах ёстой байсан ч эмнэлгүүд хариуцлага алдсан байна.
Нийслэлийн “Өргөө” амаржих газар нийслэлийн харьяа байгууллага. Тиймээс НЭМГ болон “Өргөө” амаржих газарт хариуцлага тооцох асуудлыг Эрүүл мэндийн сайд Хотын даргад хүргүүлсэн. Мөн ХӨСҮТ-ийн удирдлагат эрүүл мэндийн сайд хариуцлага тооцно.
Өчигдөр ХӨСҮТ рүү хүргэгдсэн эмэгтэй 14-ний өдөр “Өргөө” амаржих газар хэвтсэн. Гэр бүлийн хүнээс халдвар илэрлээ гэдэг мэдээлэл ХӨСҮТ-ээс өчигдөр “Өргөө” амаржих газарт ирсний дагуу эхээс шинжилгээ авахад халдвар илэрсэн байна. Улмаар ХӨСҮТ рүү шилжүүлэх арга хэмжээ авахдаа эмнэлгүүд хариуцлага алдаж, сэтгэлгүй хандлаа. Тус амаржих газарт нийт 270 хүнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гэсэн хариу гарсан. Иймд ЭМЯ-ны зүгээс эхээс болон гэр бүлээс нь уучлалт хүсэж байна" гэлээ.