Улсын хэмжээнд 17 646 иргэнийг шинжилгээнд хамруулахад 10 хүнээс коронавирус илэрснийг ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээлэв. Халдвар авсан хүний ойрын хавьтлын, тусгаарлан ажиглах байранд байсан иргэд “Ковид-19”-өөр өвчилсөн нь нотлогджээ. Нийслэлд коронавирус өргөн хүрээнд тархаж, өвчилсөн ч шинж тэмдэг илрээгүй хүмүүс олон нийтийн дунд бий, эсэхийг тодруулахын тулд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн тандалтын шинжилгээ, судалгааг тогтмол хийж буй билээ. Тус төвийнхөн олон ажилтантай байгууллагынхан, халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд оршин суудаг иргэн зэрэг 1885 хүнийг шинжилгээнд хамруулахад бүх хариу сөрөг гарсан байна.
Манай улсад коронавируст халдварын тохиолдол буурах хандлагатайг ЭМЯ-наас өчигдөр мэдээлсэн юм. Тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Коронавируст халдварын сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн тохиолдол өмнөхөөс 35 хувиар буурлаа. Гэхдээ энэ нь тайвшрах шалтгаан биш. Хөл хорионы дэглэмийг сулруулах бүрт өвчлөл нэмэгддэг зүй тогтол ажиглагдаж байгаа. Нийслэлд энэ сарын 8-наас хойш иргэдийн хөл хөдөлгөөн эрс ихэссэн. Энэ нь халдварын тархалтыг тэлэх эрсдэл үүсгэж байна. Тиймээс иргэд олноор цуглах, нийтийн тээврийн хэрэгслээр аль болох үйлчлүүлэхээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг хүсье” гэв.
Ташрамд дурдахад, манай улсад Улаанбаатар хотоос гадна зургаан аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Тэдгээр аймагт сүүлийн 24-48 хоногт “Ковид-19” бүртгэгдээгүй байна. Тухайлбал, томоохон голомт бий болж, 217 хүн өвчилсөн Сэлэнгэ аймагт гэхэд сүүлийн 27 хоногт коронавирус илрээгүй аж. ЭМЯ-наас “Орон нутагт дэгдсэн халдварыг хяналтдаа бүрэн авсан гэж үзэж болно. Тиймээс аймгуудад өвчлөл зөөвөрлөгдөн тархахгүй байхад онцгойлон анхаарах шаардлагатай” гэж мэдээлэв.
Бэлтгэсэн: М.Оч