Шадар сайд Я.Содбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулж нэгдүгээр төрх эмнэлэгээс нялх биетэй, халдвар илэрсэн иргэнийг тусгаарлахдаа хариуцлагагүй хандсан явдалд дараах зүйлийг бичсэн байна.
Тэрбээр "Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо. Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хичнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар , хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна" гэжээ.