Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр АМГТГ-ын газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр манай улсад борлуулах шатахууныхад дэлхийн зах зээл дэх уг таваарын болон ам.долларын ханш, хилийн үнэ шууд нөлөөлдгийг тэмдэглэв. Хойд хөршөөс манайд нийлүүлэх шатахууны хилийн үнэ энэ сард тонн тутамдаа 59 ам.доллароор өссөн тул нэр, төрөл бүрт ханш нэмэгдэх нөхцөл бүрдүүлсэн аж. Саудын Араб олборлолтоо өдөрт нэг сая баррелиар багасгахаа мэдэгдсэн нь газрын тосны ханш энэ сарын эхээр өсөхөд нөлөөлжээ. АНУ, БНХАУ, Европын Холбооны орнууд эдийн засгаа сэргээхэд анхаарч буй нь газрын тосны ханш нэмэгдэхэд нөлөөлж магадгүй гэнэ. Дэлхийн банк, ОУВС-гийн зүгээс дэлхийн эдийн засгийн энэ оны төлөвийг өөдрөгөөр төсөөлөөд буй. Ц.Эрдэнэбаяр “Өргөн хэрэглээнийх болох АИ-92 шатахууны үнийг нэмэхгүй, тогтвортой байлгахаар импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцэж байгаа. Үнийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгана” гэв. Тэгвэл бусад төрлийн шатахууны үнэ гадаад зах зээлээс хамаарч өөрчлөгдөх бололтой. Мөн тэрбээр өмнөх жилийн дөрөвдүгээр сараас буюу хилийн үнэ хямдарсан үеэс эхлэн шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрт 380-570 төгрөгөөр бууруулсан хэмээн ярилаа. Түүнчлэн санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан улсын хэмжээнд АИ-92 төрлийн бензиний жижиглэнгийн борлуулалтын үнийг өнгөрсөн жилийн тавдугаар сараас он дуустал тогтворжуулж, Улаанбаатарын хэмжээнд 1450, орон нутагт 1480-1670 төгрөг байлгасан хэмээв. Ташрамд дурдахад, манай улсын газрын тосны импорт жилд 13-15 хувиар өсдөг байна. Монгол Улс 2019 онд хоёр гаруй сая тонн бүтээгдэхүүн импортолсон бол өмнөх жил дээрхээс 60 орчим мянгаар багасжээ. Манай улсын түлшний нөөц хэвийн байгаа аж.
Бэлтгэсэн: Ц.Ундрал