ШӨХТГ-аас Мал эмнэлгийн ерөнхий газрынхантай хамтран зах худалдааны төвүүдэд эрүүл ахуйн хяналт, шалгалт хийж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор тус газрын дарга Б.Бат-Эрдэнээс товч тодруулга авлаа.
-Захуудад хийж буй хяналт шалгалтынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Мал эмнэлгийн ерөнхий газрынхантай хамтран байнгын хяналт шалгалт хийж байна. Үр дүнд нь зах, худалдааны төвүүд эхнээсээ үнийн мэдээллийн салбарыг байршуулж эхэлсэн. Мөн мэдээллийн самбарт QR код, мал эмнэлгийн лабораторийн шинжилгээг тогтмол байршуулж буй.
-Махны үнэ хэр өсөлттэй байгаа вэ?
-Өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулахад махны үнийн өсөлт бууралт 1000 орчим төгрөгийн зөрүүтэй байна. Жилийн жилд махны дундаж үнэ ийм байдаг. Ер нь цар тахалтай холбогдуулаад хөл хорио тогтоосон ч махны үнийн хөөрөгдөл гаргахгүй, тогтвортойгоор барьж ажилласан гэж хэлж болно.
-Мал, махны гарал үүслийн бичгийг цахимжуулж буй. Захуудад хэрэгжилт хэр байна вэ?
-Мал эмнэлгийн нэгдсэн системийг Мал эмнэлгийн ерөнхий газарт хийдэг. Бид хэрэгцээтэй шаардлагатай мэдээллүүдийг тус газарт өгдөг. Аймаг, сумаас гаргаж буй малын тоо толгой, махны тонн хэмжээг бүртгэж аваад Улаанбаатар хотын зургаан товчоогоор нэвтрүүлэхэд нь тулгадаг. Улмаар зах худалдааны төвүүд рүү хэдэн тонныг нийлүүлсэн, хэчнээн нь нөөцийн маханд авсан, экспортолсон уу гэдгийг хянах программчлалыг хийж дууслаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт 450 мянган тонн мах оруулж ирлээ гэхэд хэдэн тонн нь хаашаа орсон, хэчнээн нь алга болчихоод байгааг олж тогтоох, хянах систем нь бүрдсэн.
-Өнгөрсөн өдрүүдэд зохиомол хомстол үүсгэх тохиолдол гарсан уу?
-Зохиомол хомстол үүсгэхээр мах нөөцлөөд байгаа, эсэхийг хянаж байна. Одоогоор зохиомол хомстол үүсгээд, махны үнэ өссөн асуудал байхгүй. Ер нь хот руу оруулж ирж буй мал, мах болгоныг хянах боломж бүрдүүлснийг дээр хэлсэн. Бүтээгдэхүүнээ аль захад буулгасан, ямар зоорь, ямар саванд хийсэн, тэр нь стандартын шаардлага хангасан, эсэхийг ч хянана. Ингээд лаборатори дээр очоод асуудлыг хаадаг. Хаагдахгүй яваад байгаа, хаашаа аваачсан нь тодорхойгүй махны асуудал бий. Үүнийг нь олж илрүүлэх гэж ажиллаж байна. Монголчууд хятадууд их хэмжээний мах авдаг хэмээн харддаг. Хятадууд уу, хятад хүний мөнгөөр монголчууд мах авдаг уу гэдгийг шалгаж байна. Бүх мэдээллийг цуглуулж буй. Хаана аваачсан, хэрхсэн нь тодорхойгүй мал, махны мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллага өгнө.