Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааны үр дүнг Үндэсний статистикийн хороо өчигдөр танилцууллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед ажил эрхлэлт 37, өрхийн үйлдвэрлэл 87 хувиар буурсан гэж судалгаанд оролцогчид хариулжээ.
Бичил болон өрхийн бизнесээс олох орлого 90 хувиар тасалдсан бол огт орлогогүй болсон гэж гурван хүн тутмын нэг нь хариулсан байна. Малчид, фермерүүдийн хувьд борлуулалт нь 57 хувиар багасаж, тогтмол цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувийнх нь цалин ямар нэг хэмжээгээр буурсан гэжээ. Ийнхүү бүх салбарынхны орлого багассан ч хэрэглээний үнийн индекс өнгөрсөн жилийн мөн үеийнхээс найман хувиар нэмэгдэн, эрүүл, шим тэжээлтэй хооллож чадахгүйд хүрсэн төдийгүй хоосон хоносон өрхүүд ч цөөнгүй байсныг судалгаанд дурдсан байв. Мөн хүүхдийн мөнгөөр хүнс худалдан авсан гэж гурван өрх тутмын хоёр нь дурджээ. Үүнээс гадна иргэдийн 80 хувь нь коронавирусийн эсрэг вакцин үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй гэсэн бол 25 000 орчим төгрөг зарцуулах боломжтой хэмээн үлдсэн нь хариулсан аж. Дээрх судалгаагаар зайны сургалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон нийгмийн халамжийн чанар, хүртээмж зэрэг 20 орчим асуултад иргэдээс хариулт авч, эмхэтгэжээ.