Нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор энэ сарын 17-18-нд 7367 иргэн нэвтэрчээ. Тухайлбал, 3725 зорчигч хот руу орж, 3642 нь гарсан байна. Тэд албан ажил, хүнс, шатахуун тээвэрлэх зэрэг зайлшгүй шалтгаанаар товчоодоор нэвтэрсэн аж. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагын 88 ажилтан үүрэг гүйцэтгэсэн бөгөөд зорчигчдоос коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Улаанбаатарт коронавирусийн томоохон голомт үүссэнтэй холбоотойгоор хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг түр хязгаарласан шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан. Өөрөөр хэлбэл, зайлшгүй шаардлага, шалтгаангүй иргэд Улаанбаатараас гарах эрхгүй юм. Үүнээс болж орон нутгийн цөөнгүй иргэн нийслэлд гацсан байна. Тиймээс орон нутгийнхан иргэдээ тусгай үүргийн автобусаар татан авах санаачилгыг эхлүүлжээ. Тодруулбал, Завхан аймгийн ЗДТГ-аас нийслэлийн Онцгой комисст хүсэлт тавьсны дагуу өнөөдөр, маргааш иргэдээ татан авах болжээ. Коронавирусийн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан, Завхан аймагт тогтмол амьдардаг байх гэсэн хоёр шаардлагыг иргэдэд тавьсан гэнэ. Тусгай үүргийн автобус өнөөдөр, маргааш 16.00 цагт “Драгон” авто вокзалаас хөдлөх юм байна.
Мөн Баянхонгор аймгийн Онцгой комиссоос Улаанбаатарт гацсан иргэдээ энэ сарын 21-нд татан авах болжээ. Тус аймгийн Авто тээврийн төвөөс нийслэл рүү автобус явуулж, эхний ээлжид 40 иргэнийг авч явах гэнэ. Цаашид долоо хоногт нэг удаа тусгай үүргийн автобус явуулахаар төлөвлөснийг аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн. Нийслэлээс орон нутагт очсон иргэдэд гэрийн тусгаарлалтад долоо хоног байх шаардлага тавьжээ. Мөн Баян-Өлгий аймгаас иргэдээ татан авахаар бүртгэл явуулж эхэлсэн байна.