Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, “Ачтан”, “Мөнгөн гүүр”, “Улаанбаатар сонгдо” болон өрхийн эрүүл мэндийн хэд хэдэн төв гээд төр, хувийн хэвшлийн олон эмнэлгээс коронавирус илэрч, халдварын голомт болоод байгаа билээ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд коронавирусийн халдвар тархаж байгаа нь тун харамсалтай. Эрүүл мэндийн байгууллагууд ийм эрсдэлтэй бүс болсон тул шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт очихгүй байхыг мэргэжилтнүүд иргэдэд зөвлөж байна. Гэвч жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, хүүхэд, яаралтай мэс засалд орох, хавдартай болон бөөрний диализ эмчилгээ хийлгэдэг зэрэг олон хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн байгууллагаар иргэд үйлчлүүлэхээс айж байна. Эмнэлгээр үйлчлүүлж байгаад халдвар авахаас, коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч хөл хорионд орчих вий гэж эмээх нь цөөнгүй. Тухайлбал, хөл хорионд орохоос болгоомжилж аймгийнхаа эмнэлэгт очиж, ургийн ЭХО-д харуулж чадахгүй байгаагаа нэгэн эмэгтэй учирлав. Цар тахал бидний амьдралыг “удирдаж”, ойрын төлөвлөгөөгөө гаргахад ч амаргүй болжээ. Гэвч, үхэх, сэхэхийн даваан дээр байгаа хүмүүс эмнэлэгт очихгүй гээд яах билээ. “Ковид-19”- ийн халдвар авах эрсдэлтэй байлаа ч дэглэмээ сайн сахиад эмнэлэг бараадахаас өөр сонголтгүй. Харин улсын томоохон эмнэлгүүд үйлчлүүлэгчдэд ямар шаардлага тавьж, хэрхэн ажиллаж буй нь тодорхой бус. Зориод очиход хүлээж авах болов уу гэж эргэлзэх хүн цөөнгүй байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хэрхэн ажиллаж байгааг тодруулахад “Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа” гэв. Яаралтай тусламжаас бусад тохиолдолд эмнэлэгт хэвтэх үйлчлүүлэгч сүүлийн 48 цагийн хугацаанд PCR шинжилгээ хийлгэж, хариу нь сөрөг гарсан байх ёстой аж. Мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгч сахиур солихгүй бөгөөд зайлшгүй тохиолдолд эмчийн зөвшөөрлөөр, шинжилгээ өгсөн, эрүүл хүнийг нэвтрүүлэх гэнэ.
ХСҮТ хэрхэн ажиллаж байгаа талаар тус төвийн захирал Н.Эрдэнэхүү “Өнгөрсөн сарын 25-нд манай эмнэлгийн хоёр эмч, нэг сувилагчаас коронавирусийн халдвар илэрсэн. Халдвартай хүмүүсийг тусгаарлан, эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаанд хаасан бол энэ сарын 6-наас хэвийн ажиллаж байна. Халдвар, хамгааллын дэглэмийг сайн баримтлахаас гадна үйлчлүүлэгч бүрээс асуумж авч, ямар нэгэн эрсдэл гарвал эмнэлгийг хэсэгчлэн хаахаар зохицууллаа. Тухайлбал, хэвтэн эмчлүүлэх тасгийн эмч, ажилтнуудыг тэнд нь тусгаарласан. Эмчид үзүүлэх цаг авсан иргэд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн эмч нарын нэг хэсэг нь гэрээр ажиллах бөгөөд ингэхдээ нууц үг, тоон гарын үсгээрээ өвчтөний түүх рүү нэвтэрч, иргэдэд цахимаар зөвлөгөө өгнө” гэв. Харин бусад эмнэлэг хэрхэн ажиллаж байгааг тодрууллаа.
ХАМГААЛАХ ХУВЦАС, ХЭРЭГСЛИЙН НЭГ САРЫН НӨӨЦ БИЙ
Б.Хишигжаргал (Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал):
-Эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн явуулж байна. Эмнэлэг дотор халдвар тархах эрсдэлийг бууруулахын тулд олон зохицуулалт хийлээ. Жишээ нь, эмнэлгийн доторх хөл хөдөлгөөнийг хязгаарлах, хавьтлыг бууруулах зорилгоор амбулатори болон хэвтэн эмчлүүлэх хэсгийн үйл ажиллагааг тусад нь зохион байгуулсан. Амбулаторийн эмч, ажилчид зөвхөн тэндээ ажиллана, хэвтэн эмчлүүлэх хэсэгт нэвтрэхгүй, үйл ажиллагаанд нь оролцохгүй гэсэн үг. Амбулаториор үйлчлүүлэхээр ирсэн иргэдийг үүдний хэсэгт түр байлган, халууныг нь хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, тархвар судлалын асуумж авсны дараа нэвтрүүлнэ. Мөн Яаралтай тусламжийн тасгийг хоёр хэсэгт хувааж, үйлчлүүлэгчдийг халдварын сэжигтэй, эсэхээр нь эрэмбэлэн үйлчилж байна. Эмнэлгийн ажилчдыг гурав хувааж, нэг бүлгийг нь шаардлагатай үед дуудах байдлаар гэрээс нь ажиллуулж байгаа. Амбулаториор хэвийн үед өдөрт 2000-2500 хүнд үйлчилдэг. Цар тахлын энэ үед өдөрт 500-800 иргэн үйлчлүүлж байна. Бөөр, шээсний замын өвчлөл, мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа. Нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах утасны дугааруудыг тасаг, төв тус бүрээр гаргасан. Амбулаториор үйлчлүүлж буй иргэд тархвар судлалын асуумж өгч, PCR шинжилгээний хариу шаардлагагүйгээр үйлчлүүлж болно. Харин ходоод, бүдүүн шулуун гэдэсний дуран, аэрозол ажиллавар хийлгэх үед 48-72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариу шаардаж байгаа. Мөн хэвтэн эмчлүүлэх иргэд, сахиурууд шинжилгээ өгсөн байх ёстой. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг төлөвлөгөөний дагуу хийж байна. Зарим эмнэлэгт халдвар тархсантай холбоотойгоор энэ онд төлөвлөсөн мэс заслуудыг цөөн хоногоор хойшлуулсан ч удахгүй эхлүүлнэ. Манай эмнэлэгт хамгаалах хувцас, хэрэгслийн нэг сарын нөөц бий.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА
Ц.Төмөр-Очир (Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал):
-Яаралтай тусламжийн тасгаа гурван нэгж болгосон. Халуурсан, амьсгалын замын эрхтний эмгэг зовуурьтай иргэдийг өөр хаалгаар хүлээн авч байна. Коронавируст халдварын шинж тэмдэггүй хүмүүсийг үндсэн нэгждээ хүлээн авна. “Яаралтай тусламжийн нэгж-3”-ыг үндсэн нэгжийн ачаалал ихсэж, асуудал гарсан үед хэрэглэхээр нөөцөлсөн. Эмчилгээ, үйлчилгээг хэвийн явуулж байгаа ч халдвартай холбоотойгоор үйлчлүүлэх иргэдийн хөл хөдөлгөөн харьцангуй саарсан. Өнгөрсөн долоо хоногт манай эмнэлэг 50-60 хувийн ачаалалтай ажиллажээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбоотойгоор үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж эхэллээ. Яаралтай мэс засал, тусламжийн үйлчилгээг хуваарийнхаа дагуу тасралтгүй явуулж байна. Төлөвлөгөөт зарим хагалгааг цөөлсөн. Тухайлбал, цөсний чулуу авхуулах зэрэг хүлээж болох заалттай мэс заслын хугацааг хойшлуулсан. ХСҮТ-д хийдэг зарим мэс заслыг манай эмнэлэгт хуваарилсан. Жишээлбэл, цээжний хөндийн хавдрын яаралтай болон төлөвлөгөөт мэс засал хийхээр болсон. Одоогоор ийм хагалгаанд орсон хүн байхгүй. Эрүүл мэндийн сайдын 29, 30 дугаар албан тоот захирамжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Бүх шатны эрүүл мэндийн байгууллага энэ сарын 16-ныг дуустал бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллах юм. Яаралтай тусламжаар ирсэн иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байна. Хэвтэх шаардлагатай хүмүүсээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа. Амбулаториор үйлчлүүлэх иргэд авсан цагийн дагуу үйлчлүүлэх бөгөөд PCR шинжилгээ өгсөн байх ёстой.
АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ИРГЭДИЙН ТОО ЭРС ЦӨӨРСӨН
Э.Галбадрах (Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн ерөнхий захирал):
-Амбулаториор үйлчлүүлэх иргэд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Яаралтай тусламжийн үйлчилгээг 24 цагийн турш хэвийн ажиллуулж байна. Яаралтай тусламжаар ирсэн иргэдээс тандалт судалгаа авч, зайлшгүй шаардлагатай үед түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийж байгаа. Өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвөөсөө тусламж авах боломжтой, А13 маягтгүй ирсэн иргэдийг буцаах, эсвэл PCR шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Хөл хорионы үед үйлчлүүлэх иргэдийн тоо цөөрсөн. Гэмтэж бэртсэн хүний тоо ч буурсан. Гэртээ унаж бэртэх, тоглож байгаад гэмтэх, ахуйн хүрээнд түлэгдэх тохиолдол цөөнгүй гарч байна. Өнөөдрийн байдлаар (уржигдар) Түлэнхийн тасагт 33 хүн хэвтэн эмчлүүлж байна. Орон нутгаас ирж, амбулаториор үйлчлүүлэх иргэдийн тоо эрс цөөрчээ. Голчлон яаралтай тусламж авах шаардлагатай хүмүүс л хандаж байгаа. Эмнэлгийн шинжилгээ авах оношлуурын тоо хязгаартай тул ирсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулах боломжгүй. Тиймээс иргэд PCR шинжилгээгээ өгчихөөд ирэхийг зөвлөе.
ТӨЛӨВЛӨГӨӨТ ХАГАЛГААНУУДЫГ ТҮР ЗОГСООЛОО
М.Тунсаг (ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал):
-ХӨСҮТ-ийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Коронавирусийн халдвар дотоодод тархсанаас эхлэн Сүрьеэгийн клиникт хөл хорио тогтоож, өнөөдрийг хүртэл эмч, сувилагч, ариутгагч нарыг тасгуудад 14 хоног тусгаарлан ажиллаж байна. Төлөвлөгөөт хагалгаануудыг түр зогсоосон. Орон нутаг, Улаанбаатар хотын эмнэлгүүдэд манай эмч нар цахимаар зөвлөгөө өгөхөөс гадна хүнд өвчтөнд газар дээр нь очиж, сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Элэгний хурц гепатиттай хүмүүсийг тусгаарлан, эмчилж байна.