Улсын онцгой комиссын Шуурхай штабын өгсөн мэдээллээр энэ сарын 9-нд Улаанбаатар хотод 37 тусгаарлах байранд 1540, орон нутгийн зургаан байранд 70 хүн байна. Тэдгээрт онцгой байдлын албаны 58, цагдаагийн байгууллагын 106, эрүүл мэндийн салбарын 84, нийт 248 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж буй аж. Коронавирусийн халдвар дэлхий даяар тархсан энэ цагт тусгаарлан ажиглах байр бол онцгой объект. Манай улс гадаад орноос иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч, тусгаарлан ажиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй бүсээс ирсэн хүмүүсийг нэг доор цуглуулж буй учир хараа хяналт, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өчүүхэн ч алдаа гаргах эрхгүй юм. Харамсалтай нь, манай улс тусгаарлах байр болон эрүүл мэндийн байгууллага дотроосоо коронавирусийг алдах болсон.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11- ний өглөө Монгол Улс “Ковид-19” халдварыг дотооддоо алдсаныг УОК-оос мэдэгдсэн билээ. Олон улсын ачаа тээврийн автомашины жолоочоос халдвар анх илэрсэн гэж холбогдох байгууллагууд мэдээлсэн. Жолооч “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдаад гэртээ харьсан бөгөөд өөрөөс нь, бас эхнэр, хүүхдээс нь халдвар илэрсэн юм. Халдвар ийнхүү дотоодод тархсан тул УОК, Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлан, тандалт судалгаа хийснийг уншигчид санаж буй. Үүнээс өмнө манай улсад олон улсын ачаа тээврийн жолооч нараас коронавирусийн халдвар илэрч байсан. Тэдэнд үйлчилж байсан ХӨСҮТ-ийн хоёр ажилтан коронавирусээр өвчилсөн нь батлагдсан юм. Гэхдээ тэд тусгаарлалтын бүсээс гараагүй учир олон нийтэд “аюулгүй” гэж байлаа. Харин дээрх жолооч халдвар авснаа мэдэлгүй үзвэр, үйлчилгээний цөөнгүй газраар явсны улмаас цар тахал “албан ёсоор” Монголд тархсан гэж үзэж буй. Хамгийн ноцтой нь түүнийг тусгаарлаж байсан “Энхсаран” гэх сувилал халдварын голомт болсон нь удахгүй тогтоогдсон. Харийн орноос ирсэн монголчууд, олон улсын ачаа тээврийн жолооч нараас цар тахал илэрсээр байхад тэднийг тусгаарлаж буй байр нь ариун цэврийн шаардлага хангаагүй, нийтийн халуун устай, тэр ч бүү хэл, хулгана, жоом гүйлдсэн бохир газар байсан нь илчлэгдсэн билээ. Үүнийг хянаж, шалгах ёстой УОК болон холбогдох байгууллагуудын ажилтнууд алдаа гаргаснаас халдвар тархсан гэхэд хилсдэхгүй.
БНСУ болон бусад улсаас иргэд шинжилгээ өгч, хариу нь сөрөг буюу халдваргүй ирээд уг сувиллаас өвчин авснаа хэвлэлээр ярьсан билээ. Тухайлбал, тус байранд тусгаарлагдаж байсан иргэн М “Эмч нь хамгаалалтын хувцсаа 21 хоногт ганц ч удаа солиогүй, хоол зөөдөг хүн нь халдвар авсан, нийтийн халуун уснаас дамжин вирус тархсан байх магадлалтай. Бид энэ сувиллыг халдварын голомт болчихлоо гэж тэмцсэний үр дүнд тээврийн жолоочийг олж илрүүлсэн” хэмээн ярьсан байдаг. Албаны хүмүүс ч “Энхсаран” сувиллыг халдварын голомт болсныг хүлээн зөвшөөрч, эздэд нь хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Улмаар цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгээд 10 гаруй хүнийг шалгаж эхэлсэн байдаг.
Үүний дараа тусгаарлах байрнаас “Ковид-19” дахин илрэв. Өөрөөр хэлбэл, өмнөх алдаанаасаа сургамж аваагүйн балгаар тусгаарлах байрнуудаас халдвар илэрсээр байна. “Эрхэс” тусгаарлан ажиглах байрны хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн алба хаагчаас коронавирусийн халдвар илэрсэн юм. Энэ сарын 2-нд “Амар” зочид буудалд тусгаарлагдсан тав, “Жаргалант” амралтын газарт байсан хоёр иргэн мөн “Ковид-19”-өөр өвчилсөн нь нотлогдсон. Тусгаарлах явцад халдвар авсан байж болзошгүй гэж үзэж тэднийг өөр зочид буудал руу шилжүүлж, үйлчилгээний ажилтнуудыг солив. Халдвар, хамгааллын дэглэм баримтлахгүй бол өвчин тархах аюултайг “Энхсаран” сувилал бэлхнээ харуулсан атал дахиад л өмнөх алдаагаа давтлаа. Тусгаарлагдаж буй иргэдийн сахилга бат сул, бусдын өрөөгөөр ордог, хувийн ариун цэвэр, халдвар хамгааллаа сайн сахидаггүйн улмаас өвчин тархах эрсдэл үүссэн гэж Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын удирдлага нэг бус удаа хэлсэн. Харин тусгаарлагдаж буй иргэд үүнээс өөр зүйл ярьдаг юм. Тэнд ажиллаж буй төрийн байгууллагын албан хаагчдад хамгаалах хэрэгсэл хангалтгүй, хувцсаа солихдоо халдварын дэглэм алддаг гэдгийг цөөнгүй иргэн мэдээлсэн.
Тусгаарлах байрнуудыг цэгцлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулахын тулд УОК-оос шийдвэр гаргав. Энэ нь тусгаарлах байрнуудад дахин мониторинг хийж, үнэлж дүгнэх ажлын хэсгийг өнгөрсөн сарын дундуур Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулан байгуулсан юм. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар “Тусгаарлах байранд тавих түр журмыг өөрчилж, нэгбүрчлэн дахин шалгаад байр болгонд коридорыг нь хянах камер, хөдөлгөөн илэрвэл зарлан мэдээлэх шугам, нэг өрөөнд нэг хүн, нэг өрх гэсэн зарчим баримтлан, хоол хүнс, халдвар хамгааллын дэглэмийг чанга мөрдөх хатуу шаардлага тавьж байна” хэмээсэн юм.
БНСУ-аас эх орондоо ирж, “Альфа” зочид буудалд тусгаарлагдсан иргэн Ч “Ариутгал цэвэрлэгээг хувь хүн өөрөө хариуцаж, өрөөгөө цэвэрлэнэ. Гаднаас хүн оруулахгүй, өөрөө гарахгүй, давхар бүрт хяналтын камертай байсан. 14 хоногийн тусгаарлах хугацаа дууссан. ОБЕГ-аас зохион байгуулж, орон нутгийн иргэдийг буцааж байгаа. Манай гэр хөдөө байдаг юм. Хэд хоног, яаж тусгаарлахыг тухайн орон нутгийн удирдлага нь шийдэх юм билээ” гэв. Тусгаарлах байрны хяналт шалгалтын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодруулахад “Тухайн байранд иргэдийг байрлуулахаас өмнө манай байцаагч нар газар дээр нь очин шалгаж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлж байна. Тусгаарлах байртай холбоотой гомдол, санал гарвал очиж шалгадаг. Өөрөөр хэлбэл, урьдчилсан байдлаар нэг удаа, дараа нь хоол хүнсний чанар, ариун цэвэртэй холбоотой гомдол гарвал шалгаж, арга хэмжээ авч байна. Урьд нь гомдол, санал цөөнгүй гардаг байсан. Одоогоор тусгаарлах байртай холбоотойгоор манай байгууллагад ирсэн гомдол алга” гэв.
Тусгаарлах байрыг ямар шалгуураар сонгож, үйл ажиллагааг хэрхэн хянаж байгаа талаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаас тодруулах гэсэн ч “Ажил ихтэй тул амжихгүй” гэсэн хариулт өглөө. Харин УОК-ын Шуурхай штаб үүнд ямар үүрэгтэй оролцож байгааг хурандаа Б.Ууганбаяраас лавлахад “Нэгдүгээрт, тусгаарлан ажиглах байрыг бэлтгэнэ. Үүнд Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг тусгаарлах байраар ажиллах боломжтой зочид буудал, эмнэлгийг шалгаж, шалгуур үзүүлэлт хангасан байрыг УОК-ын Шуурхай штабт санал болгодог. Гадаад улсаас татан авсан иргэд болон дотоодоос халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлах зорилгоор тэдгээр байрыг ашиглаж байгаа. Хоёрдугаарт, ийм байранд ажиллах хүний нөөцийг сургаж бэлтгэнэ. Эл арга хэмжээг Шуурхай штаб, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран резидент эмч, онцгой байдлын алба хаагчдыг сургаж байна.
Мөн тухайн байрыг сонгосны дараа ЦЕГ-т албан тоот явуулж, хамгаалалтад авхуулдаг” хэмээсэн юм.
Өмнө нь тусгаарлах байрыг сонгох, хянаж шалгах ажлыг Шуурхай штабынхан хариуцаж байсан бол өдгөө хүчээ зузаатгасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Шадар сайдын 2020 оны 155 дугаар тушаалаар тусгаарлан ажиглах байранд мөрдөх журмыг шинэчлэн баталж, дотоод сахилга, халдвар хамгааллын дэглэмийн явцыг тагнуулын байгууллагынхан хянаж, байрнуудын давхар бүрт камер суурилуулан, Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн санаа тавьж буй ч тусгаарлах байрнаас халдвар гарав. Тусгаарлах байрнуудад дахин халдвар гарахгүй, голомт болохгүй гэх баталгаа алга. Иргэдийн дунд гэхээс илүү тусгаарлах байр, эмнэлэгт халдвар гарч буйг хэн хүнгүй мэднэ. Халдвар гарах эрсдэл их байхын хэрээр ариутгал, хамгааллын дэглэмийг гойд сахих шаардлагатай.
арамсалтай нь, дэглэм алдагдсанаас өвчин хүрээгээ тэлж, эх уурхай нь мэдэгдэхгүй халдвар гарсаар. Тусгаарлах байрнуудад зөрчил илэрсэн даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж Шуурхай штабын дарга нь хэлсэн. Гэвч одоогоор дэглэм зөрчиж, алдаа гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй. Эх орондоо эрүүл ирсэн иргэдэд энэ мэтээр халдвар тараах нь тусгаарлах байрны “тусгай үүрэг” биш байлтай.