Нийслэлд өчигдөр 41 иргэнээс коронавирус илэрлээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс 19 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Тодруулбал, эх үүсвэр нь тодорхойгүй шинэ голомт болох “Ачтан” эмнэлгээс улбаатай халдварын тохиолдол 16-гаар нэмэгдэж, 25-д хүрлээ. Эмнэлгийн эмч, ажилтнуудын гэр бүлийнхэн халдвар авчээ. Эл голомтын эх үүсвэрийг хараахан тогтоогоогүй, тандалт, судалгаа үргэлжилж буйг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. “Ачтан” эмнэлэг нийт 124 ажилтантай бөгөөд халдвар илрэхээс өмнө 96 нь ажлаа хийж байжээ. Тэднээс өвчилсөн есөн иргэнийг эмнэлэгт хэвтүүлж, 88-ыг нь тусгаарласан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-наас хойш “Ачтан”-аар үйлчлүүлсэн хүмүүс нэн даруй шинжилгээнд хамрагдахыг ХӨСҮТ-өөс дахин анхаарууллаа. Түүнчлэн “Тэнүүн-Огоо” компанийн гурван жолооч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтан “Ковид-19”-өөр өвчилсөн нь нотлогджээ. “Тэнүүн-Огоо” компанийн хоёр жолооч өмнө нь халдвар авсан билээ. Тэдний ойрын хавьтлын 10 жолоочийг тусгаарласнаас ийнхүү гурав нь “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагдав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнуудын тухайд халдвар авсан хүний гэр бүлийн хүн тус байгууллагад ажилладаг байжээ. Тиймээс ажилтнуудыг нь шинжилгээнд хамруулсан юм байна. Мөн ХӨСҮТ-ийн таван ажилтан халдварт өртжээ. Өвчилсөн иргэдийг тус төвд хэвтүүлэн эмчилж буй бөгөөд эмч, ажилтнууд 14 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагдах журамтай. Дээр дурдсан таван ажилтныг тусгаарлалтад байхад нь шинжилгээ авахад коронавирус илэрчээ. Үүнээс гадна Баянзүрх дүүрэгт үүссэн голомтоос дахин 15 хүн халдвар авсан байна. Улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар нийт 1349 боллоо.
Коронавирус дотоодод, тэр дундаа нийслэлд өргөн хүрээнд тархаж, эх үүсвэр нь тодорхойгүй голомтууд үүссэн тул хүн бүр халдвар хамгааллын, хөл хорионы дэглэм сахих шаардлагатайг Эрүүл мэндийн яамнаас зөвлөв. УОК, Засгийн газар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 6-наас 11 хүртэл сунгасан ч энэхүү тав хоногт голомтуудын тархалтыг хумих боломжгүй, илүү хугацаа шаардлагатайг тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ. Өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзвэл коронавирусийн тархалт нийслэлд ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх магадлалтайг тэрбээр онцолсон юм.