Шинэ оны босгон дээр буюу арванхоёрдугаар сарын 30-ны 19.45 цагт Баянзүрх дүүргийн XX хороо, Гачуурт тосгоны “Нова” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зогсоожээ. Гачуурт нь хотын төвөөс 20 орчим км зайтай бөгөөд малчин өрх олонтойгоороо онцлогтой. Шар хоолой, Хуандэйн ам зэрэг тосгоныхоо төвөөс 15-20 орчим км алслагдсан газраас иргэд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авдаг. Гэтэл эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төв нь үүдээ барьж, үйл ажиллагаа нь доголдож эхлэв. Эмчид үзүүлэхээр ирсэн иргэд хоосон хаалга мөргөж, хэнд хандахаа мэдэхгүй хэцүү байдалд ороод байна.
“Нова” өрхийн эрүүл мэндийн төвд өчигдөр 11.40 цагийн үед очиход хэсэг хүн цугларчихсан нийслэлийн Эрүүл мэндийн газар болон холбогдох байгууллагын утас руу залгаж, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг шаардаж байв. Хүүхдээ үзүүлэхээр ирсэн иргэн Г “Коронавирусийн халдвар тархсан хүнд хэцүү энэ цагт үзүүлэх эмнэлэггүй болчихлоо. Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг хууль бусаар зогсоосонд гомдолтой байна. Жирэмсэн, өндөр настан, хүүхэд ихэвчлэн өрхийн эмнэлэгт ханддаг шүү дээ. Бид одоо хаана хандахаа ч мэдэхгүй боллоо” гэв. Эмч, ажилтнууд нь эмнэлгийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад холбогдох газарт хандахаар цугларчээ. Эмнэлгийн дарга Л.Отгоноос үйл ажиллагааг нь ямар шалтгаанаар зогсоосныг тодруулахад “Манай эмнэлэг 21 дэх жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа.
Гачуурт тосгоны төвийн болон хөдөөний багийн 9842 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс бидний ажлыг жил бүр дүгнэдэг. Хангалттай, бүрэн хангалттай гэсэн үнэлгээ авч ирсэн. Гэтэл өнгөрсөн сарын 30-нд ажлын цаг дууссаны дараа байгууллагын хаягаар захирамж явуулсан гэсэн мессежийг миний гар утсанд ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бусаар гаргуулсан гэж бид үзэж байна. Гачууртад манай эмнэлгээс гадна тосгоны Эрүүл мэндийн төв ажилладаг. Гэхдээ хоёр эмнэлгийн үйл ажиллагаа огт давхацдаггүй, тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг бид олон баримтаар нотолсон. Гэтэл хоёр эмнэлгийн үйл ажиллагаа давхардсан мэтээр захирамж гаргасныг эсэргүүцэж байна. Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв нь ташаа мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгч, их хэмжээний санхүүжилт авсан. Иргэдэд эрүүл мэндийн тусламжийн 80 хувийг манай байгууллага дангаараа үзүүлдэг. Манайхыг татан буулгаснаар 10 000 орчим иргэний эрх ашиг хөндөгдлөө. Энэ захирамжийг эргэж харахыг хүсье” гэв.
Түүний хэлснээр Гачууртад хоёр эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ нэг нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг буюу иргэдэд хамгийн ойр ажиллах ёстой өрхийн эмнэлэг бол нөгөөх нь хэвтэн эмчлүүлдэг газар юм. Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад орохоос эхлээд нярайн болон өндөр настны гэрийн эргэлт, хөнгөлөлттэй эмийн бичиг, сар бүрийн дархлаажуулалт гээд нэн чухал шаардлагатай үйлчилгээг өрхийн эмнэлэг үзүүлдгийг бүгд мэднэ. Улсын төв эмнэлгүүдэд үзүүлэх, шинжилгээ өгөхөд өрхийн эмчдээ хандаж цаг авдаг шүү дээ. Энэ мэт анхан шатны асуудлыг шийдвэрлэдэг өрхийн эмнэлэггүй болсноор хүүхдийнхээ вакциныг хаана хийлгэх, шинжилгээний цаг хэрхэн авахаа мэдэхгүй иргэд гацаанд орж, хөрсөнд буугаагүй шийдвэрээс болж хохирч байна. Тиймээс Гачууртын иргэдийн төлөөлөл өрхийн эрүүл мэндийн төвийнхөө үйл ажиллагааг буцааж хэвийн болгохыг холбогдох албан тушаалтнуудаас шаардаж буйгаа илэрхийлсэн юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батцоож энэ сарын 3-нд тус эмнэлгийнхэнтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаад “Хэвийн ажилла” гэж хэлжээ. Үүний дагуу “Нова” өрхийн эрүүл мэндийн төвийнхөн энэ сарын 4, 5-нд ажилласан гэнэ. Гэвч эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан, хэвийн ажиллах боломжоор хангаагүй байгаа учир цаашид хэрхэх, эсэх нь тодорхойгүй хэвээр. Тус байгууллагыг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх албан бичиг ирүүлээгүй учир тэд яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Эмчид үзүүлэх гэсэн хүмүүс харин тасрахгүй цуварсаар байв.
Уг өрхийн эмнэлэг дөрвөн эмч, хоёр сувилагч, хоёр туслах ажилтан, нийгмийн ажилтан, нягтлан бодогч гэсэн 10 ажилтантай ажээ. Дүүргийнхээ тэргүүний өрхийн эмнэлгээр шалгарч байснаа тэд онцолсон. Нийслэлийн Засаг даргын захирамжид 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс гэрээ хийхгүй, санхүүжилт олгохгүй гэжээ. Тиймээс эмч, ажилтнууд нь ажлын байргүй болсон гэнэ. Өрх толгойлсон болон олон жил ажиллаж, гавьяаны амралтаа хүлээж буй хүн ч тэдний дунд бий юм байна. Гэтэл нэг л өдөр гудамжинд гаргахдаа тулсанд эмч, ажилтнууд бухимдаж буйгаа илэрхийлсэн. Тосгоны Эрүүл мэндийн төвд тэндхийн эмч, сувилагч нарыг ажиллуулахгүй гэсэн мэдээлэл ч таржээ.
“Хөнгөлөлттэй эмийн жор бичих, тэтгэмж, халамж сунгах, нярайн дуудлага, жирэмсэн эмэгтэйн хяналт, вакцин хийх гээд бидний бүх үйл ажиллагаа доголдлоо. Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв бол нэр нь томдсон, үйл ажиллагаа нь багадсан хэрнээ маш их хэмжээний санхүүжилт авсан газар гэдгийг дээд байгууллагынхан илрүүлээсэй” хэмээн өрхийн эмнэлгийн дарга Л.Отгон нэмж ярилаа. Мөн тэрбээр “Өнгөрсөн сарын 30-нд нийслэлийн Эрүүл мэндийн газраас дөрвөн мэргэжилтэн Гачууртад ирсэн ч тосгоны Эрүүл мэндийн төвд оччихоод, өрхийн эмнэлгээр ороогүй буцсан” гэлээ. 100-200 метрийн зайтай байрлах хоёр эмнэлгийн нэгээр нь орохгүйгээр шийдвэр гаргасан гэдгийг “Нова” өрхийн эрүүл мэндийн төвийнхөн ч хэлсэн юм. Тус өрхийн эмнэлэг жилд 218, нөгөө эмнэлэг нь 600 гаруй сая төгрөгийн санхүүжилт авдгийг зарим эмч ярив. Өрхийн эмнэлэг нь тусламж, үйлчилгээ авдаг иргэнийхээ тоогоор санхүүждэг бие даасан байгууллага гэдгийг тэд онцоллоо.
Үүний дараа бид Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвд очив. Хаалгаа дотроос нь түгжиж, ирсэн хүн бүрийн халууныг хэмжин, бүртгэж авч байлаа. Тус эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 17 ортой аж. Мөн алсын дуудлагаар үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Тус эмнэлгийн даргатай уулзаж, үүссэн нөхцөл байдлыг тодруулах гэсэн ч дуудлагад явсан байв. Гар утас руу нь залгаж мэдээлэл авах гэсэн ч холбогдох боломжгүй хэмээлээ. “Өрхийн эмнэлэг ажиллахгүй байна гээд манайд ирж үзүүлж буй хүн цөөнгүй. Гэхдээ манай эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх эрхийг одоогоор нээгээгүй. Хөнгөлөлттэй эмийн жор бичих, шинжилгээний цаг олгох гээд асуудал гарч байгаа” хэмээн нэгэн сувилагч ярьсан.
Хэдийгээр нэг газарт байрладаг ч чиг үүрэг нь өдөр, шөнө шиг ялгаатай хоёр эмнэлгийн үйл ажиллагааг доголдуулсанд тэндхийн иргэд бухимдаж байна. Эл асуудлыг эртхэн шийдвэрлэхгүй бол 10 000 орчим иргэний эрүүл байх эрх зөрчигдөхийн зэрэгцээ ар гэрээ тэжээж яваа 10 гаруй хүн ажил, орлогогүй болох нь.