ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлнө гэх шуум гараад хэд хонож байна. Хэрэв энэ үнэн бол тун тоогүй. Ард олон энэхүү шударга бус гэж хэлж болохоор шийдвэрийг чинь хүлээж авахгүй л болов уу. Яагаад гэхээр Д.Нямхүү эмч шинэхэн сайд таныг бодвол хийсэн ажилтай, хуримтлуулсан туршлагатай, хэлэх үгтэй хүн. Тиймээс сайдтан та санал зөрсөн төдийхөнд амандаа сахалтай, ахмад настай хүнийг үгийг даалгүй уурлаж, урваж шарваганаад ажлаас нь солино, халахаар санаархах нь угтаа дэмий зүйл байлтай. Үүнийхээ оронд ард олны дунд тархсан халдварыг дарахад хамгийн их дэм болсон хүнээ хажуудаа үлдээж, үгийг нь сонсох нь зөв алхам байх болов уу. Яг ажлаас нь халах, чөлөөлөх дээрээ тулвал Д.Нямхүү эмч биш та албаа өгөх учиртай. Яагаад гэдгийг нь танд тодорхой сануулъя. Хэд хоногийн өмнө 22-ын товчоонд хүний алтан амь эрсэдсэн. Энэ харин сайд таныг сэнтийгээс тань буулгах бодит шалтгаан байх шүү. Салбарын сайд атлаа үүний төлөө та хариуцлага хүлээгээгүй.
Харин Я.Содбаатар сайдыг өмнөө бариад хариуцлагаас чимээгүйхэн сугарч үлдэж харагдсан. Тухайн үед Улсын онцгой комиссын дарга, шадар сайд Я.Содбаатар хүний амь хохирсон тул буруутай эмч нарыг олж арга хэмжээ авна ухааны юм хэлсэн. Уучлаарай, сайд дарга нар аа. Хоногийн настай, эргэж, буцсан шийдвэр гаргасан, зохион байгуулалтаа буруу хийсэн та нарын балгаар эрдэнэт хүний амь эрсэдсэн юм. Ер нь ч тэгээд бөөсөнд хутга гэдэг шиг Д.Нямхүү даргыг ажлаас нь чөлөөлөхийг тулд Монгол Улсын Засгийн газар танхимаараа хөдлөх шиг боллоо. Шившигтэй бас гутамшигтай юм гэж үүнийг л хэлэх байх. ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ЭМЯ, МХЕГ-аас төлөөлөл орсон, өргөн бүрэлдэхүүнтэй баг Д.Нямхүү эмчийг шалгах шиг боллоо. Гурван том байгууллага нэг эмнэлгийг шалгаж болохгүй гэж хэлээгүй. Гэхдээ шалгаад шалгаад шалтаг л гаргаж ирлээ шүү дээ. Олж илрүүлсэн гээд байгаа зөрчил нь үнэндээ хөгийн. Ажлаас чөлөөлөх бодитой үндэслэл болно гэхэд итгэл үнэмшил төрхөөргүй. Тиймээс Эрүүл мэндийн сайд та залуу хүн байж замын дундаас хамтрагчаа орхиод ганцаараа цаашлахаар санаархаж байгаа нь дэндүү увиагүй харагдаж байна. Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудсаар орлоо. Сүүлийн үед оруулсан бүх мэдээ, мэдээлэлд таны нэр дурдагдаж, таны зургаар чимжээ. Ингэлээ гээд та ард түмний итгэлийг хүлээх нь юу л бол.
Та цахим хуудсандаа өөрийнхөө зураг хөргийг зай завсаргүй тавиад нэр алдарт хүрчихгүй. Адлаж, нүд үзүүрлээд байгаа Д.Нямхүү эмчтэй эн зэрэгцэхээр ажиллаж, хүн амын дунд тархсан цар тахлаа дарснаар л хүндэтгэл хүлээнэ. Эл зорилгод тань салбараа мэддэг, ажлаа хийдэг Д.Нямхүү эмч шиг хүмүүсийн хамтын оролцоо илүү чухал. Нээрээ ХЭҮК-ийн гишүүд саяхан хотоос орох, гарах товчоодод ажиллаад ямар дүгнэлт хийснийг мэдэх үү. Тус товчоодод ажиллаж буй төрийн алба хаагчдаас хамгийн муу хангамжтай, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа нь эмч нар байсныг тус комиссын гишүүд онцгойлон дуулгасан. Салбарын сайдын хувьд та эмч, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах ёстой, бүр үүрэгтэй. Дээрээс нь нэмээд хэлэхэд “Монголын Эмнести интернэйшнл” байгууллагаас эмч нарын дунд судалгаа явуулж, эмч нарын эрх зөрчигдөж буйг талаар хөндсөн байсан. Улмаар танай багийнханд хэлж анхааруулсан ч юм билээ. Зөвлөмжийн мөрөөр эмч нарынхаа төлөө юу хийсэн юм бэ, Т.Мөнхсайхан сайд аа. Шуудхан хэлэхэд олон нийт Д.Нямхүү эмчид онц тавиад, танд таатай хандахгүй байгааг та хүлээж авах ёстой. Дарга удирдагч хүний замнал угаасаа ийм. За энэ ч яах вэ. Хамгийн гол хэдэн муу эмч нараа хамгаалмаар байна.
Жишээ нь, “Монголын Эмнести интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай цар тахал дэгдсэн энэ өдрүүдэд эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх хэрхэн зөрчигдөж буй талаар “Эмч эмнэлгийн болон бусад шаардлагатай ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол, түүнээс үүссэн эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байна. Халдварын голомт болоод байгаа орон нутгийн эмнэлгийн ажилтнуудын хэлж байгаагаар нэг удаагийн бээлийгүй, нэг ам хамрын хаалтаа бүтэн өдөр зүүдэг. Эмнэлгээс өгч буй ам хамрын хаалт нөөц хүрэлцээгүйгээс аргагүйн эрхэнд өөрийн мөнгөөр худалдан авсан гэх мэдээлэл цөөнгүй ирсэн. Мөн ажилтнуудыг тээвэрлэх тусгай унаагүйгээс харанхуй шөнө хол газар явган явах, шаардлагад нийцэхгүй байранд тусгаарлах, илүү цагаар ажиллуулсан ч цалин хөлс, шагнал урамшил, нөхөн олговрыг бүрэн олгохгүй байгаа зэрэг олон асуудал бий. Дэлхийн 63 орны Засгийн газрууд эрүүл мэндийн ажилтнуудаа ямар ч хамгаалалтгүйгээр галын тэргүүн шугам руу илгээсэн шиг нөхцөл байдал манай улсад нүүрлээд байна. Бусдын алдаанаас яаралтай сургамж авч эмч, эмнэлгийн ажилтнуудын амь нас, аюулгүй байдлыг эн тэргүүнд анхаарах хэрэгтэй” хэмээн дуугарсан. Ийм болоод л эмч нар халдвар аваад байгаа юм биш үү.
Дээр нь нэмж хэлэхэд олон улсад эрүүл мэндийн ажилтнуудын дунд хийсэн судалгаагаар ковидын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн 75 хувь нь сэтгэл түгшүүрийн байдал өндөр гарсан. Эл асуудлыг эерэгээр шийдвэрлэж чадсан олон улсын туршлагыг Монгол Улс эрт авснаар асуудал хүндрэхээс сэргийлэх боломжтой. 2020 оны есдүгээр сарын 30-ны байдлаар бусад улс оронд 7000 гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан нас барсан нь зарим орны Засгийн газар эрүүл мэндийн ажилтнуудаа хамгаалах цогц бодлого, эрсдэлийг тооцон бууруулах арга хэмжээ аваагүй, эсвэл арга хэмжээ нь сул, эсвэл арга хэмжээг санхүүжүүлэх нөөц хөрөнгөө бүрдүүлээгүй, нөөц хөрөнгөө үр ашиггүй зарцуулснаас үүдэлтэй байсан. Энэ байдал Монголд давтагдах албагүй. Үүний төлөө ажиллаж, тэмцэх гэж та сайд болсон. Одоо та үүргээ биелүүл. Жил бүрийн арванхоёрдугаар сард дэлхийн олон мянган иргэн эрх нь зөрчигдсөн хэн нэгний төлөө Засгийн газарт хаяглаж захидал бичдэг. Тиймээс би танд хаяглан энэ захидлыг илгээж байна. Та эмч нарын ажиллах таатай орчныг нь бүрдүүлж, дэм өгөх ёстой болохоос биш, ажлаас нь халж сольж, үүгээрээ бусад ажилтнууд далайлгаж, сэтгэлийг нь түгшээх учиргүй. Иймийн учир энэ захидлаар дамжуулан эмч ажилтнуудын эрх ашгийг өмөөрч үгээ хэлж байгаа юм. Захидал заримдаа хүний амьдрах, эрх чөлөөтэй байх эрхийг хангаж өгдөг.