Амгалан гаалийн ажилтны хүний ойрын болон хоёрдогч хавьтлын иргэдийг илрүүлж 200 гаруй иргэнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Улаанбаатар хот болон зургаан аймагт халдварын томоохон голомтууд бий болсны дараа энд тэнд алаг цоог байдлаар халдвар илрэх тохиолдол бий. Шинэ төрлийн вирус, агаар дуслын замаар халддаг учраас хаанаас ч халдвар гарах эрсдэл өндөр байдаг. Тиймээс халдварын эгзэгтэй цэгүүд болон хүн ам олноор байгаа газруудад шинжилгээ, тандалт судалгаа хийх шаардлагатай байгаа ба энэ явцад Амгалан гаалийн ажилтныг илрүүлж чадсан. Түүний хавьтлуудыг хайж, тандах үйл ажиллагаа их байна. Халдварын тандалтын явцад халдварын эх уурхай тогтоогдоно. Хотын гаалийн ажилтан учраас хамт ажилладаг 150 гаруй хүн, ойрын 50 гаруй, дам хавьтал гэсэн 200 гаруй хүнээс халдар илрээгүй байна. Тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэжиллэж байна" гэв.