Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Зүрх судлалын тасгийн эмч, хэм судлаач Х.Мөнгөн-Өлзийгөөр ахлуулсан мэс заслын багийнхан судсан дотуурх эмчилгээний шинэ арга нэвтрүүллээ. Тодруулбал, зүрхний булчингийн эмгэгийн үеийн эмчилгээний дэвшилт технологи болох гиссийн багцын пейсмейкэр (катетр буюу суулгац)-ийг Монголд анх даа өвчтөнд суулгасан нь амжилттай болжээ. Зүрхний цус шахах гол хэсэг болох ховдол жигд агшсанаар цусны эргэлт сайжирч, эрхтнийг хамгаалах үүрэгтэй. Бодисын солилцооны энэхүү үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд гиссийн багцыг ховдлын цус дамжуулах замын эхэнд тусгай зориулалтын электрод ашиглан байршуулснаар зүрхийг удирдах боломж бүрддэг байна. Уг мэс заслыг 22 настай өвчтөнд хийжээ. Ингэхдээ үйлчлүүлэгчийн зүрхний төрөлхийн дамжуулах замыг дээрх дэвшилт технологиор цочроон, булчинг нь хэвийн агшааснаар ховдлын хориг бүрэн засарч, биеийн байдал нь тогтворжсоныг УГТЭ-ийнхэн хэллээ. Энэхүү технологийг олон улсад саяхнаас өргөн ашиглаж эхэлсэн бөгөөд одоогоор зүрхний агшилтыг дэмжих эмчилгээний хамгийн үр дүнтэй аргад тооцож буй юм байна. Монголд эмчилдэггүй 20 гаруй нэр, төрлийн өвчин, эмгэг байдгийн нэг нь зүрхний ховдолд гисс пейсмейкэр суулгах эмчилгээ юм. Зүрхний цохилт цөөрөх хэм алдагдалтай, жигд бус агшилттай өвчтөнүүд эх орондоо, эрүүл мэндийн даатгалаараа уг өндөр түвшний эмчилгээг хийлгэх боломж бүрдлээ.