Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан нэг сувилагчаас өнөөдөр халдвар илэрлээ. Ингээд эрүүл мэндийн 21 ажилтан халдвар авсан нь батлагдаад байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 17. Цэргийн төв эмнэлэгт - 4 ажилтан халдвар авчээ.
Коронавирусээр өвчилсөн хүмүүст эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан эмч, ажилтнуудын 1.9 хувь нь халдварт өртөөд байна. Эдгээр халдварт өртсөн хүний 16 хувь нь их эмч, 39.6 хувь нь сувилагч, лаборант, 44 хувь нь туслах ажилтан, ариутгагч байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 8, 9, 10-нд ХӨСҮТ-ийн гурван хүн халдварт авсан. Эхний хүн нь шуурхай хариу арга хэмжээний багт ажилладаг ариутгагч байсан. Тэрээр батлагдсан тохиолдлуудыг зөөвөрлөх тусгаарлах, тэдгээр хүмүүсийн эд зүйл болон тэднийг зөөвөрлөн ирсэн машинд ариутгал халдваргүйтгэл хийдэг байсан. Ажилбараа гүйцэтгэх явцдаа буюу хамгаалах хувцас хэрэгслээ тайлах явцдаа алдаа гаргасан байж болзошгүй. Энэ хүний ойрын хавьтал 29 хүнийг тусгаарласан. Түүний ойрын хавьтал болох 29 хүний хоёр дахь давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Арванхоёрдугаар сарын 9-нд манай лаборант халдварт өртсөн. Энэ хүн тусгаарлалтад байгаа хүмүүсээс сорьц цуглуулах, лабораторид ирсэн сорьцыг дугаарладаг. Тусгаарлалтад байж байгаад гэртээ очоод нэг хоносны дараа халдварт өртсөн байсан. Энэ хүн ажилбараа хийх явцаа хамгаалах хувцас хэрэгслээ тайлах үедээ халдварт өртсөн байх эрсдэлтэй. Түүний ойрын хавьтал 44 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. Тэднээс авсан эхний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Энэ сарын 10-нд сүрьегийн тасгийн туслах сувилагч халдварт авсан. Тэрээр арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл тусгаарлалтад байсан. Өмнө нь байсан сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал сэжигтэй тохиолдол батлагдаагүй онош үгүйсгэгдсэн учраас энэ хүн 8, 9-нд хэвийн үйл ажиллагаа хийж байсан. Энэ хүн энэ сарын 9-нд шинжилгээ өгөн 10-нд онош батлагдсан. Туслах сувилагчийн үүрэг гүйцэтгэдэг, сүрьетэй хүмүүсийн шинжилгээ, бусад бичиг баримтуудыг лабораториудад өгдөг, халдвараас сэргийлэх дэглэм алдагдсантай холбоотойгоор халдварт өртсөн.
Нийт манай гурван ажилтны ойрын хавьтал 94 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлан ажиглалт тандалт хийж шинжилгээнд оруулж байна. Одоогоор эдгээр хүмүүсээс коронавирус илрээгүй.
Манайд хамгаалах хувцас хэрэгсэл хангалттай байна. Цаашид халдвар гаргахгүйн тулд эмч, ажилтнуудад сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна. 10-20 удаа сургалтад суусан хүн хувцсаа тайлахдаа алдаа гаргах эрсдэл байдаг юм байна. Эмч ажилчдынхаа тоог нэмэх ачааллыг зохицуулах тал дээр онцгой анхаарч байна" гэв.