Тандалт судалгааны явцад Амгалан гаалийн ажилтан болон түүний хүүгээс халдвар илэрлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Тандалт судалгааны явцад илэрсэн. Ажиглалт, тандалтын сорьцод коронавирус илрэх асуудал гарна. Иймээс ард иргэд маань өөрийгөө хамгаалж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, олон хүн цугларсан газар очихгүй байх хэрэгтэй. Улаанбаатар хот халдварын голомттой бүс учраас батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг давтан шинжилгээнд хамруулахаас гадна тандалтын шинжилгээг хийж байна. Тандалтын шинжилгээг олон хүн ажиллаж буй байгууллагууд, хүнсний худалдааны төвүүдэд хийгээд явж байна. Эдгээр эгзэгтэй цэгүүдэд шинжилгээ хийж, халдварыг олж авч байгаа нь илрүүлгийн чухал асуудал” гэв.
Дээрх хоёр шинэ тохиолдлын халдвар авсан эх үүсвэрийг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа бөгөөд шинэ голомт үүссэн байж болзошгүй гэж эх сурвалж мэдээллээ.