Сэлэнгэ аймгийн Мандал сумаас тархины цус харвалт гэсэн оноштой ирсэн 10 настай хүүхдэд PCR шинжилгээ хийлгээгүй гэсэн үндэслэлээр эрүүл мэндийн үйлчилгээ цаг алдан үзүүлсний улмаас, хүүхэд нас барсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Уг асуудлаар ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 10 настай хүүхэд ЭХЭМҮТ-д 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд ирсэн. 20-нд 22-ын товчоон дээр эрүүл мэндийн байдал хүнд байна гэсэн дуудлагын дагуу манай эмч мэргэжилтэн очиж байх үед хүүхдийг 22-ын товчоогоор оруулж ирсэн байсан бөгөөд тухайн өдрийн 20:00 цагт ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт авч ирсэн юм. Олон улсын дүрмийн дагуу халдварт өвчин гарсан үед эмнэлгийн байранд тусгаарлах өрөө байдаг. Тэр дагуу Яаралтай тусламжийн тасаг дахь тусгаарлах өрөөнд хүүхдийг оруулж, эмч, сувилагчийг тусад нь гаргаж ажиллуулсан. Эмч, сувилагчдыг ээлжээр, бүтэн багаар ажиллуулж ЭХО, Компьютер томографик хийж бид ажилласан.
Хүүхдээс PCR шинжилгээ авсан. Хариу нь 21-ний 17:15 цагт сөрөг гарсан. Улмаар хүүхдийг Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлж олон улсын дүрмийн дагуу Сэхээний тасаг дахь тусгаарлах өрөөнд хүүхдийг оруулсан. Хүүхдийн ээжийн шинжилгээний тухайд манайд хийгдээгүй, тусдаа хийгдсэн. Хүүхэд цус харвасан, маш хүнд байдалтай байсан. Баасан гарагийн орой ирснээс эхлээд хагас, бүтэн сайн өдөр эмч, сувилагчид бүтэн ээлжээр тухайн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг хянаж, эмчилгээ хийж байсан.
Хүүхдэд эмчилгээгээ хийгээгүй гэсэн яриа гарсан. Хүнд байдалтай хүүхэд тээвэрлэгдээд ирэхэд эмчилгээ хийхгүй байна гэж байхгүй. Ээж нь арваннэгдүгээр сарын 22-ны 10 цагт шинжилгээний хариу гарснаа мэдэгдээд 12:00 цагт эмнэлэг дээр ирсэн. 22-25-ны өдрүүдэд сэхээний тасгийн сахиур яаж байдаг вэ, яг л тэр шугамаар байсан. Хүүхдэд хийсэн эмчилгээ, онош стандартын дагуу байсан гэдэг нь задлан шинжилгээгээр тохирсон" гэв.