Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруунхараагаас нийслэлд ирсэн 10 настай охин эмнэлгийн тусламж авч чадахгүй амиа алдсан тухай цахим орчинд иргэд бичжээ. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагаас энэ талаар тодрууллаа.
-Талийгаачийн PCR шинжилгээний хариу гартал эмчилгээ хийгээгүй гэх юм. Үүний талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид тусгай баг томилж,10 настай охиныг 22-ын товчооноос угтаж авсан. Улмаар сэжигтэй бүс нутгаас ирсэн учраас шаардлагатай шинжилгээ хийсэн. Өөр бусад шинжилгээг ч цаг алдалгүй авсан. Охинд тусгай эмч, сувилагч томилж, тав хоног эмчилсэн ч харамсалтай нь эндсэн.
-Охин ямар оноштой ирсэн бэ?
-Тархины маш хүнд цус харвалттай ирсэн. Цахим орчинд тархсан мэдээлэл бодит байдалд нийцэхгүй байгаа.
ЭХЭМҮТ-өөс ирүүлсэн албан ёсны мэдээлэл
Нэг. Үйлчлүүлэгчийн танилцуулга
П.Н нь 10 настай, эмэгтэй. Сэлэнгэ аймаг Баянгол сумын харьяат. 2010 оны арванхоёрдугаар сарын 3-д төрсөн.
Эцэг, эхийн мэдээллээс:
Хүүхэд орны ар хөндий рүү эвгүй унасан. Яг хэдийд гэдгийг санахгүй байна. Хүүхэд арваннэгдүгээр сарын 16-нд толгой өвдлөө гэсэн . Баянгол (Баруун хараа ) сумын түргэн дуудаж үзүүлэхэд “Хордлого” гээд дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Зовиур намдсан боловч унжгар байсан. Хоёр хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн. Арваннэгдүгээр сарын 19-ний өглөө босохдоо толгой өвдөнө гэсэн бөөлжсөн. Түргэн дуудаж Зүүн хараагийн эмнэлэгт хэвтсэн.
Хоёр. Мэдээлэл авсан тухай
Арваннэгдүгээр сарын 20-нд 17.35 цагт ЭМЯ-ны шуурхай удирдлага дээр ажиллаж байгаа мэргэжилтэн Д утсаар холбогдож мэдээллийг өгсөн. Хүнд хүүхэд 22-н товчоон дээр байна. УГТЭ-т ирсэн, эмнэлэг өнөөдөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна. Цэргийн төв эмнэлэгт батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн. Манайх зохих журмын дагуу тусгаарлаад авъя гэж ярилцаж шийд гаргасан. 17.00 цагт Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул танайх очиж ав гэсэн.
Гурав. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай
Ажлын бус цаг тул эмч, сувилагчийг яаралтай дуудсан. Эмчтэй нь утсаар холбогдож хүүхдийн биеийн байдлыг тодруулсан. Одоогоор хүчилтөрөгч аваагүй, халуураагүй, бөөлжөөгүй гэсэн. Эмч сувилагч нар яаралтай тусламжийн бэлтгэлээ хангаад 18 цаг 40 минутанд ЭХЭМҮТ-өөс хөдөлсөн. Тэднийг 5 шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19 цаг 11 минутанд хүүхдээ аваад ирсэн. Дуудлагын машинаа замаас буцаасан. Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн. Тархвар судлаач 17 цаг 54 минутанд ерөнхий захирал 18 цаг 34 минутанд ЯТТ–т ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.
ЯТТ-ийн эмч Ц, Сувилагч Б нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19 цаг 30 минутанд орж түргэвчилсэн сорил болон PCR шинжилгээг авсан. PSR хийлгэхээр шинжилгээг ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу Арваннэгдүгээр сарын 21-ний 05 цаг 15 минутанд гарсан. (сөрөг) Эмч хүүхдийн биеийн байдлыг 19.40-08.10 цагийн хооронд мэдээлж байсан.
Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө КТ-ийн шинжлгээ хийсэн.Тархинд том хэмжээний цус харвалт оношилогдсон. Хүүхдийг ХЭЭТ тасагт шилжүүлж тусгаарлах палатанд авч,
- Арваннэгдүгээр сарын 21-нд эмч А, сувилагч Б,
- Арваннэгдүгээр сарын 22-нд эмч Б, сувилагч З,
- Арваннэгдүгээр сарын 23-нд эмч Д, сувилагч М нар 24 цагаар ажилласан.
- Арваннэгдүгээр сарын 23-нд давтан PCR шинжилгээ авч хариу сөрөг гарсан тул маргааш нь өдрөөс тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн.
Хүүхэд өвчний явцаар хүндэрч Арваннэгдүгээр сарын 23-ны 16.00 цагт амьсгалыг аппаратаар удирдаж эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 25-нд 13 цаг 45 минутанд эндсэн. Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн. Үүнд:
- Лабораторийн бүх шинжилгээ
- ЭХО, КТ, Нүдний уг багажаар шинжлэх,
- ЧХХ, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.
Дөрөв. Эцэг, эхтэй холбогдож мэдээлэл өгч байсан тухай
Онцгой байдлын штабаас эхийг зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. Арваннэгдүгээр сарын 21-нд ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь утсаар холбогдоход хамаатныхаа (нөхрийн эгчийнх) айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20-р сургууль дээр өгнө гэсэн байна. Гэвч Арваннэгдүгээр сарын 21-нд түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. Зургаан цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн байна. Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө 10.00 цагийн үед шинжилгээний хариугаа аваад ЯТТ-т ирсэн байсан. Түүнээс хойш өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан.
Тав. Зүүнхараагийн эмнэлэгт үзүүлсэн тусламж
2020 оны Арваннэгдүгээр сарын 20-ны өглөө 07 цаг 30 минут, 10 цаг 38 минутад тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Хүүхдийг зөөвөрлөж огт болохгүй тухай хэлсэн боловч зөөвөрлөсөн. Зүүнхараагийн эмнэлэгт нугасны ус авсан.
Р.Батжаргал: Талийгаачийг тав дахь өдөр хойчийн замд нь үдсэн
Баянгол сумын Баруун хараа тосгоны хос 10 настай охиноо эмчлүүлэхээр нийслэлд ирсэн ч зорьсон хэргээ бүтээж чадсангүй, нулимсаа залгисаар нутаг буцлаа. Орон нутгийн эмнэлгийнхэн охинд анхан шатны тусламж үзүүлж чадсан, эсэхийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргалаас тодрууллаа.
-Охинд сумд нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх боломж байгаагүй юм уу?
-10 настай охин нас барсан харамсалтай явдал тохиолдлоо. Талийгаачийг өнгөрсөн тав дахь өдөр хойчийн замд нь үдсэн. Аав, ээж нь хөдөлмөрч, нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс учир талийгаачийн буяны ажилд олон түмэн тусаллаа. Бид чадахаараа дэмжлэг үзүүлсэн. Мөн сумын хэсгийн төлөөлөгчид энэ хэргийг анхааралдаа авахыг захисан.
-Охиныг хэзээ хот руу авч явсан юм бэ?
-Хоёр долоо хоногийн өмнө охины Улаанбаатар хот руу авч явсан. Баянгол сумын эмнэлэгт охины оношийг тодруулж чадаагүй учир Мандал сумын сум дундын нэгдсэн эмнэлэг рүү яаралтай шилжүүлсэн. Мандал сумын нэгдсэн эмнэлэгт ч оношийг нь тодруулж чадаагүй. Тиймээс охиныг маш шуурхай хот руу хүргүүлсэн. Энд нэг зүйлийг дурдахад, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд гол асуудал бий. Хуулийн цоорхойгоос шалтгаалаад сумд чадвартай сайн эмч нар ирэхгүй байна. Сумын эмнэлгийг чадавхжуулахгүй байна. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх сайн эмчгүйгээс иргэд сум дундын эмнэлгийг зорьдог. Өмнө нь манайхан сумдаа өвчтөнийхөө оношийг тодруулаад, шаардлагатай бол дараагийн шат руу илгээдэг байв. Сумандаа ээж нарыг эх барьж, эсэн мэнд амаржуулдаг байсан. Одоо манай сумын жирэмсэн ээж нар эрүүл мэндийн үзлэгт орохын тулд, хүүхдүүд оношоо тогтоолгохын тулд заавал хоёрдугаар шатлалын эмнэлэг рүү 50-100 км туулан явдаг. Хууль нь ийм алдаатай юм. Эмнэлгийн удирдлагад хамаг эрх мэдлийг төвлөрүүлчхээд доорх хүмүүсийг нь чадавхжуулах, ажиллах нөхцөл байдлыг сайжруулахад анхаардаггүй. Хэн ийм байхад сумд ирж эмчээр ажиллах юм бэ. 10 настай охин энэ буруу тогтолцооны золиос боллоо. Манай сумын толгойтой бүхэн энэ тогтолцоо буруу гэдгийг хэлж байна.