Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн эмч, судлаачдын бичсэн “Хүүхдийн хорт хавдрын эсрэг монгол санаачилга” буюу “Mongolian initiative for childhood cancer 2020-2023” төсөл ДЭМБ-ын шалгаруулалтад тэнцэж, санхүүжилт авах болжээ. Уг төслийн хүрээнд хүүхдийн хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулах замаар тусламж, үйлчилгээг сайжруулах, өвчтөнүүдийн амьдрах хугацааг уртасгахад голлон анхаарах аж. ДЭМБ 2015 оноос хойш хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд онцгой анхаарч, эрт илрүүлэх, оношлох, анагаах чадавх болон бүртгэл, мэдээллийн тогтолцоог сайжруулахыг улс орнуудад зөвлөж буй юм. 2030 он гэхэд ийм өвчтэй хүүхдүүдийн амьдрах чадварыг 60 хувьд хүргэх зорилт тавьжээ. Манай улсад хүүхдийн 20 гаруй төрлийн хорт хавдар жил бүр илэрч, уг өвчний улмаас 44-60 хүүхэд эндэж байна. Тиймээс хүүхдийн хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сургалт, судалгааг ЭХЭМҮТ дангаараа хариуцах нь хангалтгүй бөгөөд цаашид уг асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах гэнэ. Үүний хүрээнд “Хавдаргүй үрс” үндэсний анхдугаар чуулганыг энэ сарын 16-24-д цахимаар зохион байгуулах болсныг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр мэдээлэв. Уг чуулганаар хүүхдийн хорт хавдрын эмчилгээ, оношилгооны чиглэлээр Засгийн газар, эрүүл мэндийн салбарынхан, олон улсын болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг хамруулан салбар дундын есөн хуралдаан зохион байгуулахаар болжээ.