Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу “Нэг өрх, нэг иргэн” аяныг энэ сарын 4-нөөс нийслэлд өрнүүлж эхэллээ. Үүний хүрээнд сонгосон өрх бүрээс нэг иргэнийг “Ковид-19”-ийн шинжилгээнд хамруулж, дотоодод коронавирусийн халдвар өргөн тархсан, эсэхийг нарийвчлан тодруулах аж. Шинжилгээг энэ сарын 11 хүртэл 70 000 иргэнээс авахаар тооцжээ. Тодруулбал, нийслэлд 420 000 гаруй өрх бий бөгөөд халдвар голомтлон гарсан болон эрсдэл өндөртэй хороодоос 70 000 айл сонгож, тус бүр нэг хүнийг шинжилгээнд хамруулна. Олон ам бүлтэй, аль нэг гишүүн нь хөл хорионы үед ажлаа эрхэлж байгаа, нэг хашаанд, эсвэл байранд олноороо амьдардаг зэргийг харгалзсаны үндсэн дээр дүүргүүдийн Онцгой комисс хороо, өрхийн эмнэлгийнхэнтэй хамтран аянд хамрагдах айлыг сонгож, жагсаалт гаргажээ. Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Халдвар голомтлон тархсан болон эрсдэлтэй 40 хорооны иргэдийг сонгосон” гэв. Тухайлбал, хамгийн олон хүн халдвар авсан Баянгол, Баянзүрх дүүрэгт 20 000, Сонгинохайрханд 13 000, Хан-Уулд 6000, Сүхбаатарт 4500, Чингэлтэйд 3000, Багануурт 2000, Налайхад 1000, Багахангайд 500 өрхийг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Үүний хүрээнд шинжилгээ авах 48 цэг байгуулсан бөгөөд тэдгээрт 700 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж буй аж.
Жагсаалтад багтсан иргэдэд шинжилгээ өгөх цаг, байршлыг урьдчилан мэдэгдэхээс гадна зарим айлын гэрт нь очиж сорьц авч байгаа гэнэ. Хэрэв холбогдох байгууллагаас тухайн өрхөд ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй бол шинжилгээ авах цэгт очиж дараалал үүсгэхгүй байхыг албаныхан анхаарууллаа. Эл аян дууссаны дараа сайн дурын шинжилгээ авах үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм байна. Ташрамд дурдахад, шинжилгээ өгөхөөс хоёр цагийн өмнө бохь зажлахгүй, тамхи татахгүй, хоол идэхгүй, хамрын хөндийгөө цэвэрлэхгүй байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан зөвлөлөө.
Амьсгалын 180 аппарат оруулж ирэв
Улсын хэмжээний эмнэлгүүд нийт 400 гаруй амьсгалын аппараттай. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах хүрээнд өнгөрсөн хугацаанд 180 орчим амьсгалын аппарат нэмж нөөцлөөд буй. Гэхдээ халдвар дотоодод тархсан учраас ЭМЯ-ныхан болзошгүй эрсдэлийг тооцон аппаратын тоог нэмэх шийдвэр гаргасан билээ. Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөр-5” төслийн шугамаар эхний ээлжид амьсгалын 180 аппарат өнгөрсөн бямба гарагт оруулж ирснийг лавлагаа шатлалын төрөлжсөн эмнэлгүүдэд
хуваариллаа. Уг төслийн хүрээнд манай улс 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд эл санхүүжилтийг “Ковид-19”-ийн эмчилгээ, оношилгоо, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж. Ташрамд дурдахад, ХӨСҮТ-д коронавирусийн эмчилгээнд зориулж амьсгалын 23, Цэргийн төв эмнэлэгт 12 аппарат суурилуулсан. Тэгвэл Яармаг дахь Эх, хүүхдийн эмнэлэгт 50, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд мөн 50 аппарат нийлүүлээд буй гэнэ. Эдгээрээс гадна зөөврийн 20 аппарат ашиглахад бэлэн байгаа аж. Энэ сарын 20 гэхэд дахин 220 аппарат оруулж ирэхээр захиалга өгснийг албаныхан хэллээ.
ЭШЛЭЛ
Нийслэлийн нийтийн тээврийн автобусны жолоочоос коронавирус илэрснийг ХӨСҮТ-өөс өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. “Улсын онцгой комисс хувийн автомашинаар явахыг хориглож, иргэдээ автобусаар яв гэж шаардсан. Гэтэл автобусны жолооч халдвар авчихсан байна. Халдвар авахгүй гэх баталгаа алга” гэж иргэд бухимдаж, шүүмжлэх болов. Үүнтэй холбоотойгоор хэн юу гэж мэдээлснийг хүргэе.
Д.СУМЪЯАБАЗАР (Нийслэлийн Засаг дарга):
-Автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг илүү чангатгах шаардлагатай. Ялангуяа дүүргийн удирдлага харьяа нутаг дэвсгэр дээрх хяналтаа сайжруулж, хөл хориог чангатгахыг үүрэг болгож байна.
Арваннэгдүгээр сарын 12
Ж.АМГАЛАН (ЦЕГ-ын дэд дарга, хурандаа):
-Цаашид хөдөлгөөний нягтралыг албан журмаар бууруулахгүй бол болохгүй байна. Онцын шаардлагагүй, зорилгогүй буюу хүнс түгээлт, эмнэлгийн үйлчилгээнээс бусад автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хандлага руу орохгүй бол болохгүй нь. Ташрамд хэлэхэд, маргаашаас цагдаагийн болон бусад байгууллага замын, иргэдийн хөдөлгөөнийг онцгойлон хорьж, цөөлөх шаардлага байна.
Арваннэгдүгээр сарын 17
Я.СОДБААТАР (Шадар сайд, УОК-ын дарга):
-УОК хэзээ ч нийтийн тээврийг санал болгоогүй. Нийтийн тээврийг санал болгох нь буруу. Хувийн машинаар явахыг нь чухалчлах ёстой. Гэхдээ тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тавьж байгаа. Яагаад гэвэл хувийн машин чөлөөтэй зорчино гээд хэлчихвэл аав, ээж рүүгээ очих гэсэн, таксины үйлчилгээнд явах хүмүүс гарч ирээд хөл хорионы дэглэм алдагдах учраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.
Арванхоёрдугаар сарын 4
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА:
-Автобусаар зорч гэсэн шаардлага тавиагүй. Зөвшөөрөлгүй бол замын хөдөлгөөнд оролцохгүй байх ёстой. Зайлшгүй ажиллах шаардлагатай иргэдийн автомашинд зөвшөөрөл олгосон.
Арванхоёрдугаар сарын 4
“Баянзүрх”, “И-март”-ын ажилтнуудыг шинжилгээнд хамрууллаа
Цөөнгүй иргэн үйлчлүүлдэг “Баянзүрх” зах, “И-март” худалдааны төвд коронавирус тархсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтэд түгэв. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр “Бид хүн амын дунд халдвар тараахгүйн тулд сэжигтэй тохиолдол бүрийг хяналтдаа авдаг. Энэ журмын дагуу ажиллаж байгаа. Тухайлбал, “И-март” болон “Баянзүрх” зах нь олон хүн үйлчлүүлдэг томоохон худалдааны төв учраас тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Цаашид хүнсний худалдааны бусад томоохон төвийг ч тандалтад хамруулна” гэсэн юм. Үүний хүрээнд “И-март”-ын 385, “Баянзүрх”-ын 336 ажилтан, худалдаа эрхлэгчийг шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь өчигдөр хараахан гараагүй байв.
Түүнчлэн олон хүн үйлчлүүлдэг автобусны жолоочоос өнгөрсөн баасан гарагт, түүний ойрын хавьтлын нэг хүнээс маргааш нь коронавирусийн халдвар илэрсэн билээ. Үүнтэй холбоотойгоор “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажиллагсдыг шинжилгээнд хамруулсан. “Автобусны жолооч өмнө нь халдвар авсан иргэний хоёрдогч хавьтлын хүн байсан учир арваннэгдүгээр сарын 28, 29-нд гэртээ тусгаарлагдаж, ажилдаа очоогүй. Тус автобус бааз 500 ажилтантай. Тэднээс жолоочийн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарласан. Бусад 400 гаруй ажилтныг түргэвчилсэн оношлуураар шалгаж, үргэлжлүүлэн PCR шинжилгээнд хамруулж байна” гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.
ТОВЧХОН
- Цар тахлын улмаас хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол цөөнгүй гарсныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв. Тухайлбал, дотоодын халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Сэлэнгэ аймагт эцэг, эх, асран хамгаалагч нь тусгаарлагдсанаас 148 хүүхэд хараа хяналтгүй болжээ.
- Сэлэнгэ аймагт коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж эхэлжээ. Тус аймагт одоогоор халдвартай дөрвөн иргэн эмчлүүлж буй аж.
- “Ковид-19” дотоодод тархсан өнгөрсөн сарын 11-нээс хойш 8803 аж ахуйн нэгж, байгууллагын 2.3 сая талбайг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна.
- Хөл хорионы улмаас нийслэлд “гацсан” иргэд онгоцоор орон нутгийг зорих боломж бүрдэв. “Аэро Монголиа”, “Хүннү эйр” компанийнхан өнгөрсөн баасан гаргаас орон нутаг руу нислэг үйлдэж эхэллээ.
- Орон нутаг руу явах оюутнуудыг тодорхой хуваарийн дагуу өчигдрөөс коронавирусийн шинжилгээнд хамруулж эхлэв. Боловсрол, шинжлэх ухааны яам болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран уг ажлыг зохион байгуулж буй юм.
- ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмчээс коронавирус илрээгүй гэж тус байгууллагаас өчигдөр мэдээлэв. Эмчийн эхний сорьцын хариу эргэлзээтэй байсан ч лабораторийн шинжилгээнийх нь сөрөг гарчээ.
Ухаалаг утасны камераар коронавирусийг илрүүлэх нь
Шинэ төрлийн коронавирусийн түргэвчилсэн оношилгоог ухаалаг утасны камераар хийх аргыг АНУ-ын Беркли болон Сан-Франциско хот дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд боловсруулсныг “Cell” сэтгүүлд мэдээлжээ. Залгиураас авсан сорьцын зураг бүхий ухаалаг утсыг цонх болон хэт улаан туяаны мэдрэгчтэй оношлуур доор байрлуулахад вирус хайх аж. Оношлуурыг эмийн сан, эмнэлгүүдэд байрлуулах боломжтой. Энэ арга нь вирус илрүүлэх ажлыг хялбарчилж, зардлыг багасгах гэнэ. Цаашдаа судлаачид зөвхөн “Ковид-19” төдийгүй бусад вирусийг ийм аргаар илрүүлдэг болохоор ажиллаж байна. Ахлах судлаач, биоинженер Дениэл Флетчер Нобелийн шагналтан, доктор Женнифер Дуднагийн хамт хоёр жилийн өмнө ДОХ-ын халдварыг ахуйн нөхцөлд түргэн оношлох аргыг боловсруулжээ. Үүнийгээ цар тахал дэгдэж эхлэх үеэс “SARS-CoV-2” вирусийг таниулахаар хөгжүүлсэн аж.
Хятадын өмнөд, баруун өмнөд нутгийн хил орчмын бүс нутагт амьдардаг сарьсан багваахай хүнд халдварладаг коронавирусийн шинэ төрлүүдийг тээгч болохыг Ухань хотын вирус судлаач Ши Жэнли мэдээллээ. Шинэ вирусүүдийг Хятадад төдийгүй Зүүн Азийн орнуудаас хайх ёстой гэнэ. Түүний саналыг Австралийн Сиднейн их сургуулийн вирус судлаач, профессор Эдвард Холмс дэмжээд, “SARS-CoV-2” вирусийн анхны халдвар Ухань хот, Хубэй мужид тархаагүй байж болох юм гэв.
ОХУ өнгөрсөн наймдугаар сард бүртгэсэн “Спутник V” вакцинаа Москва хотын 70 поликлиникийг түшиглэн хамгийн эрсдэлтэй бүлгийн хүмүүст буюу эмнэлэг, боловсрол, олон нийтийн байгууллагынханд цахим шуудан илгээх замаар өнгөрсөн бямба гаргаас хийж эхэллээ. Үүнд нийт 6-7 сая хүн хамруулахаар төлөвлөжээ. Гэхдээ уг вакцины туршилт дуусаагүй, явцын үр дүн нь 95 хувьтай байна. Энэ онд багтаан ердөө хоёр сая тун вакцин үйлдвэрлэх төлөвтэй буй юм. Хамрагдах хүмүүс вакцин хийхээс хоёр долоо хоногийн өмнөөс ханиад хүрээгүй, архаг өвчингүй байх ёстой гэнэ. Хөхүүл болон бие давхар хүмүүст вакцин хийхгүй.
Оросын ЭМЯ вакцины хоёр тунг 1942, хайрцгаар (таван ширхэг) нь 9710 рублиэр худалдахаар болжээ.